Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 6:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хаанчлал даяараа зуун хорин аймгийн захирагчийг томилж, тэдэнд бүх хаанчлалыг хариуцуулах нь Дариусын таалалд нийцэв.

2. Мөн тэдний дээр гурван сайдыг томилсон бөгөөд (тэдний нэг нь Даниел юм). Учир нь хаанд ямар нэг төвөг учруулахгүйн тулд аймгийн захирагчид сайд нарт тайлан гаргах ёстой байлаа.

3. Тэгэхэд өнөөх Даниел ер бусын сүнсийг авсан тул сайд нар, аймгийн захирагчдаас тодорч эхэлсэн бөгөөд хаан түүгээр бүх хаанчлалыг захируулахаар төлөвлөж байв.

4. Иймээс сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниелыг буруутгах үндсийг эрсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч завхрал олсонгүй. Харин ч тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайхрамжгүй байдал, эсвэл завхрал олдсонгүй.

5. Тэгээд тэр хүмүүс—Энэ Даниелаас өөрийнх нь Бурханы хуулийн талаар л олохгүй бол түүнийг буруутгах үндсийг бид олохгүй нь гэж хэлэлцэв.

6. Тэгээд эдгээр сайд нар болон аймгийн захирагчид хуйвалдан, хаанд очиж,—Дариус хаан минь, мөнх насалтугай!

7. Хаанчлалын бүх сайд, аймгийн захирагчид, цэргийн ноёд, зөвлөгчид ба түшмэд хэлэлцээд, хаанаас нэгэн тогтоол гаргаж, тушаал мөрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Энэ нь гуч хоногийн туршид хаантан минь, танаас өөр аль нэг бурханд, эсвэл хүнд гуйлтаа өргөсөн этгээд арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм.

8. Хаан минь, одоо энэ тушаалыг гаргаж, Меде, Персийн хувиршгүй хуулийн ёсоор түүнийг дахин өөрчлөхгүйн тулд энэ албан бичиг дээр гарын үсгээ зурагтун гэв.

9. Тиймээс Дариус хаан албан бичиг буюу тушаал дээр гарын үсгээ зурав.

10. Тэрхүү албан бичигт гарын үсэг зурсныг Даниел мэдсэн үед гэртээ ороод, (дээд давхрын өрөөндөө тэрээр Иерусалимын зүг уруу харсан онгорхой цонхтой байлаа) урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн, Бурханыхаа өмнө залбиран, талархал өргөж байлаа.

11. Тэр хүмүүс хуйвалдан ирж, Даниелыг Бурханыхаа өмнө гуйлт хүсэлтээ өргөж байхыг олж харав.

12. Тэд хаанд очин, хааны тушаалын тухай сануулж—Хаантан минь, гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд, эсвэл хүнд гуйлтаа өргөсөн хэнийг ч болов арслангийн нүхэнд хаях болно гэсэн тушаалд гарын үсгээ зурсан биш үү? гэсэнд, хаан хариулан—Энэ тунхаглал Меде, Персийн хувиршгүй хуулийн ёсоор үнэн зүйл юм гэв.

13. Тэгэхэд тэд хаанд хариулан,—Иудагаас ирсэн олзлогдогсдын хүмүүсийн нэг Даниел, хаан минь, таныг болон таны гарын үсгээ зурсан зарлигийг ч үл ойшоон, өдөрт гурван удаа гуйлтаа өргөсөөр л байна гэв.

14. Хаан энэ тунхаглалыг сонсонгуутаа гүн уй гашууд автаж, Даниелыг аврахаар оюун санаагаа чиглүүлжээ. Даниелыг хэлтрүүлэхээр тэрээр нар жаргатал бүх хүчээ гаргав.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 6