Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 5:12-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Хаанаас Белтешазар гэдэг нэр хайрласан тэр Даниелд ер бусын сүнс, оюун билиг ба мэдлэг, мөн зүүдийг тайлж, учир битүүлэг юмсыг нээж, хэцүү асуудлыг шийдвэрлэх авъяас өгөгдсөн байсан. Даниелыг одоо дуудагтун, тэгвэл тэрээр утгыг тайлбарлаж өгнө гэв.

13. Тэгээд Даниелыг хааны өмнө авчрав. Хаан Даниелд хандан—Миний хаан эцэг Иудагаас авчирсан Иудагийн олзлогдогсдын нэг Даниел чи мөн үү?

14. Чамд бурхдын сүнс байгаа бөгөөд саруул ухаан, оюун билиг, ер бусын мэргэн ухаан чамд байдаг тухай би сонссон юм.

15. Энэ бичээсийг уншиж, утгыг нь надад мэдүүлэхээр олон мэргэд ба зурхайчид миний өмнө ирсэн боловч тэд үгийн утгыг айлтгаж чадсангүй.

16. Харин чи утгыг тайлбарлаж, хэцүү асуудлыг шийдвэрлэж чаддаг тухай би өөрөө сонссон. Хэрэв чи энэ бичээсийг уншиж, түүний утгыг нь надад мэдүүлж чадвал, чамд нил ягаан өнгийн дээл өмсгөж, чиний хүзүүнд алтан гинж зүүлгэж, хаанчлалд гурав дахь захирагчийн эрх мэдлийг чи авах болно гэв.

17. Тэгэхэд Даниел хаанд хариулан,—Бэлгүүдээ өөртөө үлдээж, эсвэл шагналаа өөр хэн нэгэнд өгөгтүн. Тийм боловч хааны төлөө би энэ бичээсийг уншиж, утгыг нь мэдүүлж өгье.

18. Хаан минь. Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн.

19. Бурханы түүнд өгсөн сүр жавхлангаас болж бүх ард түмэн, үндэстэн, хэлтэн түүний өмнө эмээн чичирч байв. Тэр хүссэнээ хороож, хүссэнээ амьд үлдээж, хүссэнээ өргөж бас хүссэнээ дорд болгодог байв.

20. Харин түүний зүрх ихэмсэг болж, түүний сэтгэл маш бардам болсноос тэрээр дээрэнгүй загнах үедээ хаан ширээнээсээ хаягдаж, сүр жавхлан нь түүнээс зайлав.

21. Тэрээр бас хүмүүсээс хөөгдөж, зүрх сэтгэл нь хээрийн араатных шиг болж, амьдрах газар нь зэрлэг илжигтэй хамт болов. Тэрээр үхэр шиг өвс идэж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон бөгөөд Хамгийн Дээд Бурхан хүний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ л түүнийг захируулдгийг мэдтэлээ ингэж амьдарсан.

22. Гэвч түүний хүү Белшазар аа, та энэ бүгдийг мэдсэн хэрнээ зүрх сэтгэлээ даруу байлгасангүй.

23. Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилсөн. Тэд Түүний өргөөний жүнзийг таны өмнө авчруулж, та болон таны язгууртнууд, таны хатад, таны татвар эмс түүгээр дарс уужээ. Мөн юу ч үздэггүй, юу ч сонсдоггүй, юу ч ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин таны амь амьсгалыг болон таны замыг мутартаа атгаж барьдаг Бурханыг та алдаршуулсангүй.

24. Иймээс Тэрээр мөнөөх гарыг илгээж, энэ бичээсийг бичжээ.

25. Бичигдсэн зүйл нь ийм байна. “Мене, мене, текел, уфарсин”.

26. Түүний утга нь гэвэл: “Мене” гэдэг нь Бурхан таны хаанчлалын хоног хугацааг тоолж, түүнийг дуусгасан.

27. “Текел” гэдэг нь хаан таныг жинлүүр дээр хэмжсэнд та хэмжээнд хүрсэнгүй.

28. “Перес” гэдэг нь таны хаанчлал хуваагдаж, Меде ба Персүүдэд шилжиж очсон гэсэн утгатай хэмээв.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 5