Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 5:11-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Таны хаанчлалд ариун бурхдын сүнстэй нэгэн хүн бий. Таны эцгийн үед тэр хүнд саруул ухаан, оюун билиг байсан бөгөөд мэргэн ухаан нь бурхдынхтай адил байв. Небухаднезар хаан, таны хаан эцэг түүнийг зурхайчид, илбэчид, халдеичууд болон төлөгч нарын тэргүүнээр томилсон.

12. Хаанаас Белтешазар гэдэг нэр хайрласан тэр Даниелд ер бусын сүнс, оюун билиг ба мэдлэг, мөн зүүдийг тайлж, учир битүүлэг юмсыг нээж, хэцүү асуудлыг шийдвэрлэх авъяас өгөгдсөн байсан. Даниелыг одоо дуудагтун, тэгвэл тэрээр утгыг тайлбарлаж өгнө гэв.

13. Тэгээд Даниелыг хааны өмнө авчрав. Хаан Даниелд хандан—Миний хаан эцэг Иудагаас авчирсан Иудагийн олзлогдогсдын нэг Даниел чи мөн үү?

14. Чамд бурхдын сүнс байгаа бөгөөд саруул ухаан, оюун билиг, ер бусын мэргэн ухаан чамд байдаг тухай би сонссон юм.

15. Энэ бичээсийг уншиж, утгыг нь надад мэдүүлэхээр олон мэргэд ба зурхайчид миний өмнө ирсэн боловч тэд үгийн утгыг айлтгаж чадсангүй.

16. Харин чи утгыг тайлбарлаж, хэцүү асуудлыг шийдвэрлэж чаддаг тухай би өөрөө сонссон. Хэрэв чи энэ бичээсийг уншиж, түүний утгыг нь надад мэдүүлж чадвал, чамд нил ягаан өнгийн дээл өмсгөж, чиний хүзүүнд алтан гинж зүүлгэж, хаанчлалд гурав дахь захирагчийн эрх мэдлийг чи авах болно гэв.

17. Тэгэхэд Даниел хаанд хариулан,—Бэлгүүдээ өөртөө үлдээж, эсвэл шагналаа өөр хэн нэгэнд өгөгтүн. Тийм боловч хааны төлөө би энэ бичээсийг уншиж, утгыг нь мэдүүлж өгье.

18. Хаан минь. Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн.

19. Бурханы түүнд өгсөн сүр жавхлангаас болж бүх ард түмэн, үндэстэн, хэлтэн түүний өмнө эмээн чичирч байв. Тэр хүссэнээ хороож, хүссэнээ амьд үлдээж, хүссэнээ өргөж бас хүссэнээ дорд болгодог байв.

20. Харин түүний зүрх ихэмсэг болж, түүний сэтгэл маш бардам болсноос тэрээр дээрэнгүй загнах үедээ хаан ширээнээсээ хаягдаж, сүр жавхлан нь түүнээс зайлав.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 5