Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 4:28-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Энэ бүх хэрэг Небухаднезар хаанд биелэв.

29. Арван хоёр сарын дараа тэрээр Вавилоны орд харшийн дээвэр дээр зугаалж байлаа.

30. Хаан “Би өөрийн агуу их хүчээрээ, өөрийн сүр жавхлангийн алдрын төлөө өөрийн хот болгож өөрөө бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ.

31. Энэ үг хааны аманд байх зуур тэнгэрээс нэг дуу гарч, “Небухаднезар хаан, чамд үүнийг хэлье. Хэмжээлшгүй эрх мэдлийг чамаас зайлуулсан бөгөөд

32. чи хүмүүсээс хөөгдөж, чиний орших газар хээрийн араатнуудтай хамт байх болно. Чи үхэр мэт өвс идэж, Хамгийн Дээд Нэгэн хүний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгдгийг чи ойлгох хүртлээ энэ мэтээр долоон үеийг өнгөрөөх болно” гэв.

33. Тэр даруй Небухаднезарын талаарх энэ үг биелэлээ олжээ. Тэрээр хүмүүсээс хөөгдөж, үхэр мэт өвс идэж эхлэн, үс нь бүргэдийн өд мэт, хумс нь шувууны савар мэт болон ургатал түүний бие тэнгэрийн шүүдэрт норжээ.

34. Харин тэр цаг үеийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд миний саруул ухаан надад эргэж ирсэнд, би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд оршдог Түүнийг хүндэтгэн магтав.Учир нь Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл бөгөөдТүүний хаанчлал үеийн үед оршино.

35. Газар дэлхийн бүх оршин суугчид юу ч биш гэж тооцогддог.Харин Тэрээр тэнгэрийн цэргүүдэд ч,газар дэлхийн оршин суугчдын дунд ч гэсэн Өөрийн хүслээр үйлддэг.Хэн ч Түүний мутрыг хорьж чадахгүй бөгөөд“Та юу хийсэн юм бэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.

36. Тэр үед миний саруул ухаан надад эргэн иржээ. Миний хаанчлалын алдрын төлөө миний нэр алдар болон сүр жавхлан надад эргэн ирэв. Миний зөвлөгчид болон сурвалжит гаралтай хүмүүс намайг эрэлхийлжээ. Ийнхүү миний хэмжээлшгүй эрх надад дахин өгөгдөж, агуу байдал надад нэмэгдэв.

37. Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан, өргөмжлөн, хүндэлж байна. Учир нь Түүний бүх үйлс үнэн бөгөөд Түүний замууд зөв билээ. Тэрээр бардам явж буй хүнийг даруу болгож чадна.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 4