Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 3:7-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тийм учраас бүх ард түмэн бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц, бүх ард түмэн, үндэстнүүд болон бүх хэлтнүүд сөгдөж, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөв.

8. Тэр үед зарим халдеичууд ойртон ирж, иудейчүүдийг буруушаав.

9. Тэд Небухаднезар хаанд хариулан—Хаан минь, мөнх насалтугай!

10. Хаан минь, бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонссон хүн бүхэн сөгдөж, алтан хөрөгт мөргөхийг шаардсан зарлигийг та гаргасан билээ.

11. Гэвч сөгдөж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд хаях болно.

12. Вавилоны мужийн удирдлагыг хариуцуулан таны томилсон Шадрах, Мешах, Абед-него зэрэг зарим иудейчүүд бий. Эдгээр хүмүүс хаан таныг үл ойшоон, таны бурхдад эс үйлчлэн, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөдөггүй гэв.

13. Тэгэхэд, хилэгнэн уурласан Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абед-него нарыг авчрахыг тушаасанд, тэд хааны өмнө хүргэгдэн ирэв.

14. Небухаднезар тэдэнд—Шадрах, Мешах, Абед-него нар аа, та нар миний бурхдад үйлчилдэггүй болоод миний босгосон алтан хөрөгт мөргөдөггүй гэдэг нь үнэн үү?

15. Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн зэмсгийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайнсан. Харин та нар мөргөхгүй бол дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Ямар бурхан миний гараас та нарыг аварч чадах билээ? гэв.

16. Шадрах, Мешах, Абед-него нар хаанд хариулан,—Небухаднезар аа, энэ хэргийн талаар танд хариулах хэрэг бидэнд байхгүй.

17. Нэгэнт ийм болсон бол, бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд хаан минь, Тэр биднийг таны гараас аварна.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 3