Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 3:13-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэгэхэд, хилэгнэн уурласан Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абед-него нарыг авчрахыг тушаасанд, тэд хааны өмнө хүргэгдэн ирэв.

14. Небухаднезар тэдэнд—Шадрах, Мешах, Абед-него нар аа, та нар миний бурхдад үйлчилдэггүй болоод миний босгосон алтан хөрөгт мөргөдөггүй гэдэг нь үнэн үү?

15. Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн зэмсгийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайнсан. Харин та нар мөргөхгүй бол дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Ямар бурхан миний гараас та нарыг аварч чадах билээ? гэв.

16. Шадрах, Мешах, Абед-него нар хаанд хариулан,—Небухаднезар аа, энэ хэргийн талаар танд хариулах хэрэг бидэнд байхгүй.

17. Нэгэнт ийм болсон бол, бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд хаан минь, Тэр биднийг таны гараас аварна.

18. Хэдийгээр тэгэхгүй байсан ч, хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдтүгэй гэв.

19. Тэгэхэд Небухаднезар уур хилэнд автаж, Шадрах, Мешах, Абед-него нарт хандан царай нь хувирчээ. Зуухыг жирийн үеийнхээс долоо дахин хүчтэй галлахыг тэрээр тушаав.

20. Шадрах, Мешах, Абед-него нарыг хүлээд, дүрэлзсэн галтай зууханд хаяхыг цэргийнхэн дотроос зарим зоригт дайчдад тэр тушаав.

21. Тэгээд тэднийг өмд, дээл, толгойн өмсгөл болон бусад бүх хувцастай нь хүлж, дүрэлзсэн галтай зууханд хаяв.

22. Хааны тушаал яаралтай, зуух маш халуун байсан учраас Шадрах, Мешах, Абед-него нарыг авчирсан хүмүүсийг галын дөл шатааж алав.

23. Харин Шадрах, Мешах, Абед-него хэмээгдэх эдгээр гурван хүн хүлээтэй чигээрээ дүрэлзсэн галтай зуух уруу унав.

24. Дараа нь Небухаднезар хаан гайхаж, яаран босож ирлээ. Тэрээр өөрийн дээд түшмэдээс—Бид гурван хүн хүлж, гал уруу хаясан биш үү? гэж асуусанд, тэд хаанд хариулан—Тийм ээ, хаан минь гэв.

25. Хаан—Хараач! Хүлээсгүй, гэмтэлгүй дөрвөн хүн гал дунд явж байгааг би харж байна. Дөрөв дэх нь бурхдын хөвгүүн мэт төрхтэй юм гэв.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 3