Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 2:43-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

43. Та төмрийг жирийн шавартай холилдсоныг үзсэн мэт тэдгээр нь хүний үрээр хоорондоо холилдох болно. Харин төмөр нь шавартай холилддоггүйн адил тэдгээр нь ч хоорондоо наалдахгүй юм.

44. Тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм.

45. Хүний гар хүрэлгүйгээр уулнаас нэгэн чулуу цавчигдан, төмөр, хүрэл, шавар, мөнгө, алтыг эвдлэхийг та үзсэн шиг ирээдүйд юу болох тухай аугаа их Бурхан хаан танд мэдүүлсэн юм. Энэ зүүд үнэн бөгөөд түүний тайлал нь итгэмжтэй юм хэмээн өгүүлэв.

46. Тэгэхэд Небухаднезар хаан нүүрээрээ газар унаж, Даниелд мэхийж ёслон, түүнд зориулан тахил өргөж, анхилуун утлага уугиулахыг тушаав.

47. Хаан Даниелд хариулан,—Чи энэ нууцыг илчилж чадсан болохоор үнэхээр чиний Бурхан бол бурхдын Бурхан, хаадын Эзэн бөгөөд нууцыг илчлэгч мөн билээ гэв.

48. Хаан Даниелыг дэвшүүлэн, түүнд олон агуу бэлгүүдийг өгөөд, Вавилоны бүх мужийг түүгээр захируулж, Вавилоны хамаг мэргэдийн тэргүүн захирагч болгов.

49. Даниел хаанд хүсэлт гаргасны дагуу Шадрах, Мешах, Абед-него нараар хаан Вавилоны мужийн удирдлагыг захируулав. Даниел хааны ордонд суусан бөлгөө.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 2