Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 11:31-45 Ариун Библи, 2004 (АБ2004)

31. Түүний цэргүүд босож, ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно. Тэд хоосролын бузар юмыг тогтоож тавина.

32. Тэрээр гэрээнд тэрслэгчдийг ялдам үгсээр бурхангүй байдалд эргүүлнэ. Харин өөрийн Бурханыг мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ.

33. Ард түмний дундаас хэрсүү ухаантнууд олон хүнд ойлголтыг өгөх боловч тэд олон өдрийн туршид сэлмийн ирэнд унаж, галын дөлөнд шатаагдаж, олзлогдон тонуулна.

34. Тэд доройтон унах үедээ бага зэрэг л тусламж авна. Олон хүмүүс хоёр нүүр гарган тэдэнтэй нэгдэнэ.

35. Хэрсүү ухаантай зарим нь доройтон унах боловч энэ нь тэд эцсийн цаг хүртэл цэвэрлэгдэж, ариусгагдаж, шинэчлэгдэхийн тулд юм. Учир нь тогтоогдсон цаг хараахан болоогүй байна.

36. Тэгээд нэг хаан хүссэнээ хийж, өөрийгөө аливаа бурхнаас илүү дээдлэн өргөмжилж, бурхдын Бурханы эсрэг доромжлолыг ярих болно. Уур хилэн зогсох хүртэл тэрээр амжилт олно. Учир нь тогтоогдсон зүйл биелэгдэх болно.

37. Тэрээр өвөг дээдсийнхээ бурхад, эмэгтэйчүүдийн хүсэмжилсэн зүйлс болон бусад ямар ч бурхдыг үл хүндэтгэнэ. Тэрээр өөрийгөө л тэр бүхнээс дээгүүр өргөмжилнө.

38. Харин оронд нь тэрээр бат бэх цайзуудын бурхныг буюу эцэг өвгөдийнхөө мэддэггүй байсан бурхныг алт, мөнгө, үнэт чулуу, эрдэнэсээр тахин хүндэтгэнэ.

39. Тэрээр харийн бурхны тусламжтайгаар хамгийн бат цайзуудын эсрэг довтолно. Өөрийг нь хүлээн зөвшөөрөгчдөд тэрбээр агуу хүндэтгэл үзүүлж, тэднээр олон түмнийг захируулж, шагнал болгон тэдэнд газрыг хувааж өгнө.

40. Эцсийн цагт Өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөх бөгөөд Умард зүгийн хаан тэрэг, морьт цэрэг болон олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерийн ус шиг халин өнгөрнө.

41. Тэрээр бас Үзэсгэлэнт Оронд нэвтрэн орох бөгөөд олон улсыг устгана. Харин Едом, Моаб болон Аммоны хөвгүүдийн шилдэг хүмүүс түүний гараас аврагдана.

42. Дараа нь тэрээр бусад улсуудын эсрэг гараа сунгах бөгөөд Египет ч түүний гараас мултарч үл чадна.

43. Харин тэрээр нууцлагдсан алт, мөнгө болон Египетийн бүх үнэт эрх мэдлийг гартаа авна. Ливичүүд ба етиопчууд түүний хөлийн дор мөлхөцгөөх болно.

44. Гэвч Дорно ба Умард зүгээс ирсэн цуу үгс түүнийг зовоох бөгөөд тэрээр олон түмнийг хядаж устгахаар уур хилэнтэйгээр гарах болно.

45. Тэрээр тэнгис ба үзэсгэлэнт Ариун Уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацрыг босгоно. Харин түүний төгсгөл ирэх бөгөөд хэн ч түүнд туслахгүй.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 11