Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 11:22-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Үерийн ус шиг халих хүчнүүд түүний өмнө хамагдан цохигдож, гэрээний жонон ч мөн устгагдана.

23. Түүнтэй гэрээ хэлэлцээр байгуулсны дараа тэрээр мэхэлсээр байх бөгөөд бага ард түмнээр их хүчийг олно.

24. Амар амгалангийн цагийг далимдуулж тэрээр ноёрхлын хамгийн баян газарт нэвтрэн орж, эцгүүдийнхээ болон өвөг дээдсийнхээ хийгээгүй зүйлийг гүйцэлдүүлнэ. Тэрээр дээрэмдэн булааж авсан, олзолж авсан зүйлс ба эд баялгийг өөрийн хүмүүст тарааж өгнө. Тэр хуйвалдаанаараа цайзуудыг эзлэх боловч энэ нь хэсэг зуур л явагдана.

25. Тэрээр их цэргийг дагуулан, өөрийн сүр хүч болон сэтгэл зоригийг Өмнө зүгийн хааны эсрэг илэрхийлнэ. Өмнө зүгийн хаан ч дайтахаар ихэд олон, маш хүчтэй цэргийг бэлтгэх боловч түүний эсрэг гарсан хуйвалдаануудаас болж дийлж чадахгүй.

26. Түүний шилмэл идээг хүртэгсэд өөрийг нь хөнөөж, түүний цэрэг бутрах боловч олон хүн алагдана.

27. Хоёр хаан сэтгэлдээ бузрыг тээж, нэг ширээнд сууж байхдаа бие биендээ худал хэлнэ. Харин тэр нь амжилтад хүрэхгүй. Яагаад гэвэл эцэс нь тогтоогдсон цагт ирэх болно.

28. Тэгээд тэрбээр их олз баялагтай нутаг уруугаа буцах болно. Харин түүний зүрх сэтгэл ариун гэрээний эсрэг байх бөгөөд тэрээр үйлдлээ хийгээд, нутагтаа буцна.

29. Тогтоогдсон цагт тэрээр буцаж ирэн, Өмнө зүг уруу явах боловч энэ удаагийн аян нь өмнөхтэй нь адилгүй байна.

30. Учир нь Киттимийн хөлөг онгоцнууд түүний эсрэг дайрна. Тийм учраас тэрээр зүрх алдан буцаж, ариун гэрээнд хилэгнэн, үйлдлээ хийнэ. Тэрээр буцаж ирээд ариун гэрээг үл ойшоогчдыг дээдэлнэ.

31. Түүний цэргүүд босож, ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно. Тэд хоосролын бузар юмыг тогтоож тавина.

32. Тэрээр гэрээнд тэрслэгчдийг ялдам үгсээр бурхангүй байдалд эргүүлнэ. Харин өөрийн Бурханыг мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ.

33. Ард түмний дундаас хэрсүү ухаантнууд олон хүнд ойлголтыг өгөх боловч тэд олон өдрийн туршид сэлмийн ирэнд унаж, галын дөлөнд шатаагдаж, олзлогдон тонуулна.

34. Тэд доройтон унах үедээ бага зэрэг л тусламж авна. Олон хүмүүс хоёр нүүр гарган тэдэнтэй нэгдэнэ.

35. Хэрсүү ухаантай зарим нь доройтон унах боловч энэ нь тэд эцсийн цаг хүртэл цэвэрлэгдэж, ариусгагдаж, шинэчлэгдэхийн тулд юм. Учир нь тогтоогдсон цаг хараахан болоогүй байна.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 11