Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 10:7-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Даниел би л ганцаараа энэ үзэгдлийг харсан. Тэгэхэд надтай хамт байсан хүмүүс энэ үзэгдлийг хараагүй боловч тэднийг агуу их айдас нөмөрч, тэд зугтан нуугдацгаасан билээ.

8. Тиймээс би ганцаараа үлдэж, энэ агуу үзэгдлийг харсан. Гэсэн ч миний дотор тамир тэнхээ алга болж, царай минь өнгө алдан зэвхийрч, надад хүч чадал үлдсэнгүй.

9. Ингээд би түүний үгийг сонссон. Түүний үгийг сонсонгуут би нүүрээрээ газар унаж, гүн нойронд автав.

10. Харагтун, нэгэн гар надад хүрсэнд, би чичирсээр өвдөг ба гарынхаа алган дээр босов.

11. Тэрээр надад—Ихэд хүндлэгддэг Даниел аа, чамд хэлэх гэж буй миний үгийг ойлгож, цэх шулуун зогсогтун. Юу гэвэл би чам уруу илгээгдсэн юм гэв. Тэр надад энэ үгийг хэлэхэд би чичирсээр босов.

12. Тэрээр надад—Бүү ай, Даниел аа. Учир нь үүнийг ойлгож авахаар, мөн өөрийн Бурханы өмнө өөрийгөө дорд тавихаар зүрхэндээ шийдсэн анхны өдрөөс чинь чиний үгсийг Бурхан сонссон учир би үгэнд чинь хариулахаар ирлээ.

13. Гэвч Персийн хаант улсын жонон намайг хорин нэгэн өдөр эсэргүүцсэн. Харин тэргүүн жононгуудын нэг болох Михаел надад туслахаар ирсэн. Учир нь би тэнд Персийн хаадтай хамт үлдсэн байв.

14. Хожмын өдрүүдэд чиний ард түмэнд юу тохиолдох тухай чамд ойлгуулахаар би одоо ирлээ. Учир нь энэ үзэгдэл ирээдүйн өдрүүдэд хамаарна гэв.

15. Тэрээр надад эдгээр үгийг хэлэнгүүт би нүүрээрээ газар ширтэн, дуугүй болсон.

16. Хүний хүү шиг дүрстэй нэгэн уруулд минь хүрч байв. Тэгэхэд би амаа нээж, миний өмнө зогссон түүнд хандан—Эзэн минь ээ, үзэгдлээс болж миний дээр зовлон шаналал ирж, надад ямар ч хүч үгүй боллоо.

17. Учир нь эзэний минь ийм зарц миний эзэнтэй хэрхэн ярьж чадах билээ? Миний хувьд гэвэл, одоо надад ямар ч тамир тэнхээ үлдээгүй, амьсгал ч үгүй болсон гэв.

18. Тэгэхэд хүний дүртэй тэр нэгэн надад дахин хүрч, намайг чадалтай болгов.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 10