Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 7:4-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Гэтэл тэр шөнө ЭЗЭНий үг Натанд ирж,—

5. Яв, Миний боол Давидад өгүүлэгтүн. “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Надад оршин суух өргөөг барьж өгөх нь чи мөн гэж үү?

6. Учир нь Би Египетээс Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсан удаагүй, харин би майханд буюу асарт аялж байв.

7. Би Израилийн бүх хөвгүүдтэй явж ирсэн ямар ч газарт, Өөрийн ард түмэн Израилийг хариул хэмээн тушаасан Израилийн овгуудын нэгд нь ”Яагаад та нар Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?» гэж хэлэгтүн.

8. Тийм учраас одоо чи Миний боол Давидад ингэж хэлэгтүн. “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмэн Израилийн захирагч болгохын тулд Би чамайг бэлчээрээс хонин сүрэг хариулж байхад авсан.

9. Чамайг хаана ч явсан Би чамтай хамт байж, чиний өмнөөс хамаг дайснуудыг чинь устгав. Газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил Би чамд агуу нэр өгнө.

10. Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Тэд өөрсдийн газарт суун, дахин үймээн самуунд ч автахгүй, муу хүмүүс тэднийг урьдынх шиг зовоохоо ч болино.

11. Миний ард түмэн Израилийг удирдахыг Би шүүгчдэд тушаасан өдрөөс хойш Би чамайг хамаг дайснуудаас чинь хамгаалж, амраана. ЭЗЭН мөн чамд гэр бий болгохыг чамд мэдүүлж байна.

12. Чиний өдрүүд дуусаж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чамаас гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг тогтооно.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 7