Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 5:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийн бүх овгууд Хебронд Давид дээр ирж,—Харагтун, бид таны мах цусны тасархай билээ.

2. Урьд нь Саул бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж байсан. Тэгээд ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн болох Израилийг хариулж, чи Израилийн удирдагч болно” гэж айлдсан хэмээн өгүүлэв.

3. Ингээд Израилийн бүх ахлагчид Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон, Израилийн хаан болгов.

4. Давид гучин насандаа хаан болж, дөчин жил хаанчлав.

5. Тэр Хебронд Иудаг долоон жил зургаан сар, Иерусалимд бүх Израиль болон Иудаг гучин гурван жил захирчээ.

6. Хаан өөрийн хүмүүсийн хамт нутгийн уугуул хүмүүс болох иебусчуудын эсрэг Иерусалим уруу ирэхэд, тэд Давидад—Чи энд орж ирэхгүй. Харин сохор, доголон нь ч чамайг хөөж гаргана гэв. Тэд Давидыг ийшээ нэвтэрч чадахгүй хэмээн санаж байлаа.

7. Гэвч Давид Сионы цайзыг эзлэн авав. Энэ нь Давидын хот юм.

8. Тэр өдөр Давид—Иебусчуудыг алах гэсэн хүн бүр усан сувгаар явж, Давидын үзэн яддаг доголон, сохорт хүрч оч хэмээв. Үүний тулд “Сохор, доголон нь гэрт орж болохгүй” гэж тэд хэлдэг юм.

9. Ингээд Давид тэр цайзад сууж, түүнийгээ Давидын хот хэмээн нэрлэх болов. Давид Миллогоос дотогш нь тойруулан барив.

10. Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам улам хүчирхэгжсэн билээ.

11. Тирийн хаан Хирам Давид уруу хуш мод, мужаан, чулуучидтай хамт элч нарыг илгээв. Тэд Давидад гэр барьж өгөв.

12. ЭЗЭН өөрийг нь Израилийн хаан болгон тогтоож, Өөрийн ард түмэн Израилийн төлөө хаанчлалыг нь өргөмжилснийг Давид ойлгов.

13. Хеброноос ирсний дараа Давид Иерусалимаас дахин олон эхнэр болон татвар эмс авав. Давидад олон хөвгүүд, охид төрөв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 5