Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 3:13-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Давид—Сайн байна! Би чамтай гэрээ байгуулъя. Гэхдээ чамаас нэг зүйлийг би шаардаж байна. Юу гэвэл, чи надтай уулзахаар ирэхдээ Саулын охин Михалыг дагуулж авчрахаас нааш миний нүүрийг харах ёсгүй гэв.

14. Тэгээд Давид Саулын хүү Иш-бошетэд элч нарыг илгээн,—Филистчүүдийн зуун хөвчний арьсаар сүй тавьсан миний эхнэр Михалыг надад буцааж өгөгтүн гэж хэлүүлэв.

15. Иш-бошет хүн илгээж, тэр эмэгтэйг түүний нөхөр болох Лаишийн хөвгүүн Палтиелаас буцааж авав.

16. Харин нөхөр нь тэр эмэгтэйг уйлан дагаж, Бахурим хүртэл явжээ. Тэгээд Абнер түүнд—Яв, буцагтун гэсэнд тэр буцав.

17. Абнер Израилийн ахлагчидтай зөвлөлдөн,—Та нар эртнээс Давидыг өөрсдийн хаан болгохыг хүсэж байсан.

18. Одоо үүнийгээ биелүүлэгтүн. Учир нь ЭЗЭН Давидын талаар айлдахдаа “Өөрийн зарц Давидын гараар би Өөрийн ард түмэн Израилийг филистчүүдийн хийгээд хамаг дайсных нь савраас аварна” гэж айлдсан билээ гэв.

19. Абнер бас Бениаминыг сонсож байхад ярив. Үүний хажуугаар Хебронд буй Давидын сонсголд Израиль болон Бениамины хамаг гэрийн хувьд сайн сайхан бүх зүйлсийг дуулгахаар явлаа.

20. Тэгээд Абнер хорин хүнийг дагуулан Хебронд буй Давид уруу иржээ. Абнер болон түүний хамт буй хүмүүст зориулан Давид найр хийв.

21. Абнер Давидад—Надад босон явж, хамаг Израилийг эзэн хаандаа цуглуулахыг зөвшөөрөөч. Тэд тантай гэрээ байгуулж, та сэтгэлийнхээ хүссэн бүхний хаан болох болтугай гэв. Ийнхүү Давид Абнерыг илгээсэнд тэр амар амгалан гарч одов.

22. Тэгтэл Давид болон Иоабын зарц нар аян дайралтаас их олзтой буцаж ирэв. Гэвч Давид Абнерыг илгээсэн бөгөөд тэрээр амар тайван явж одсон тул Абнер Давидын хамт Хебронд байсангүй.

23. Иоаб болон түүнтэй хамт байсан бүх цэрэг буцаж ирэхэд хүмүүс түүнд—Нерийн хүү Абнер хаан уруу ирээд, хаан Абнерыг явуулсанд, тэр амар тайван явав гэж хэлэв.

24. Тэгэхэд Иоаб хаанд бараалхан—Та юу хийчих нь энэ вэ? Абнер тан дээр ирсэн атал, яагаад та түүнийг буцааж явуулав? Тэр одоо явж одсон билээ.

25. Нерийн хүү Абнерыг та мэднэ шүү дээ. Тэр таныг мэхэлж, орж гарахыг тань харуулдан, хийж байгаа бүхнийг тань мэдэхийн тулд ирсэн билээ гэв.

26. Иоаб Давидын өргөөнөөс гараад, Абнерын араас элч нарыг илгээн, тэд түүнийг Сирагийн худгаас буцааж авчрав. Гэвч Давид үүнийг мэдсэнгүй.

27. Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу нь хатгаж алав.

28. Үүний дараа нь Давид энэ тухай сонсоод—Нерийн хүү Абнерын цусны тухайд бол би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй.

29. Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Идээ ялгаруулагчид, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салах болтугай гэв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 3