Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 24:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНий хилэн дахин Израилийн эсрэг дүрэлзэв. ЭЗЭН—Явж, Израиль болон Иудагийн хүн амыг тоол хэмээн тэдний эсрэг Давидыг ятгав.

2. Хаан өөртэй нь хамт байсан цэргийн жанжин Иоабт—Данаас Беершеба хүртэл Израилийн бүх овгуудаар одоо явж, хүмүүсийг тоолж бүртгэн надад хүмүүсийн тоог мэдээл гэсэнд

3. Иоаб хаанд—Таны Бурхан ЭЗЭН эдгээр ардуудыг одоогийнхоос зуу дахин өсгөх болтугай! Эзэн хаантан минь, үүнийг өөрийнхөө нүдээр үзэх болтугай! Гэвч эзэн хаантан минь, юуны учир үүнийг хүснэ вэ? гэв.

4. Гэсэн хэдий ч хаан Иоаб болон цэргийн удирдагчдыг ятгаж чадав. Ингээд Иоаб болон цэргийн удирдагчид Израилийн ард түмнийг тоолохоор хаанаас салж одов.

5. Тэгээд тэд Иордан голыг гатлан, Иазерын зүг Гадын хөндийн дунд байдаг хотын баруун талд байдаг Ароерт буудаллав.

6. Дараа нь тэд Гилеад болон Тахтим-ходшигийн нутаг уруу явж бас Дан-иаан уруу явж, Сидоныг тойров.

7. Тэгээд Тирийн цайзад очин, хивичүүд, канаанчуудын бүх хотуудаар яван, тэндээс Иудагийн өмнөд хэсэг уруу явж, Беершебад ирэв.

8. Тэд бүх нутгаар явж, есөн сар хорь хоногийн дараа Иерусалимд буцаж ирэв.

9. Тэгээд Иоаб улсын хүн амын тооллогын бүртгэлийг хаанд өгөв. Израильд илд баригч зоригт эрчүүд найман зуун мянга, Иудагийн цэргүүд таван зуун мянган хүн байв.

10. Давид ард түмнээ тоолсны дараа сэтгэл нь шаналж, ЭЗЭНд—Би энэ хийсэн зүйлээрээ их нүгэл үйлдэв. Харин одоо ЭЗЭН минь, Өөрийнхөө зарцын нүглийг өршөөн хэлтрүүлээч. Би үнэхээр мунхаг хэрэг үйлдэв гэж залбирав.

11. Давидыг өглөө босоход ЭЗЭНий үг эш үзүүлэгч Гад дээр ирж, ийнхүү зарлиг болов. Гад бол Давидын үзмэрч байлаа.—

12. Явж, Давидад “ЭЗЭН зарлиг болж байна. Би чамд гурван зүйл өгөх болно. Эдгээрээс чи нэгийг нь сонго, тэгээд Би чамд үйлдэх болно” гэж хэлэгтүн гэв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 24