Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 20:3-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Давид Иерусалимд буй гэртээ ирэв. Хаан гэрээ сахиулахаар үлдээсэн арван бага эхнэрээ авч, хянагчаар харгалзуулан тэжээж байв. Гэвч хаан тэдэн уруу очсонгүй. Тэгээд тэд бэлэвсэн эмэгтэй мэт амьдарч, үхэн үхтлээ түгжигдмэл байв.

4. Хаан Амасад—Иуда хүмүүсийг гурав хоногийн дотор дуудан цуглуул. Чи өөрөө мөн энд байж байгаарай гэв.

5. Тэгээд Амаса Иуда хүмүүсийг дуудахаар явсан боловч тогтоосон хугацаанд хийсэнгүй, удаашруулав.

6. Давид Абишаид—Одоо, бидэнд Бихрийн хөвгүүн Шеба Абсаломаас ч илүү гайтай боллоо. Чи миний цэргүүдийг дагуулж, түүнийг мөшгөн хөө. Эс тэгвээс тэр бэхлэгдсэн хотод орогнож, бидний хяналтаас гарч магад гэв.

7. Тэгээд Иоабын эрчүүд, Херет болон Пелетийн бүх хүчит эрчүүдийн хамт түүний араас хөдлөв. Тэд Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөхөөр Иерусалимаас гарав.

8. Тэднийг Гибеон дахь нэгэн бул чулууны дэргэд байхад, Амаса тэдэнтэй уулзахаар ирэв. Иоаб цэргийн хувцсаа өмссөн байсан бөгөөд хуйтай илдээ ташаандаа зүүсэн байв. Тэгээд түүнийг урагшаа алхахад, илд нь сугарав.

9. Иоаб Амасад—Ах минь, та амар байна уу? хэмээн өгүүлээд, Амасаг үнсэхээр баруун гараараа сахлыг нь атгав.

10. Харин Амаса Иоабын гарт буй илдийг эсэргүүцэх зэвсэггүй байв. Иоаб түүний хэвлий уруу дүрсэнд, гэдэс нь газарт гоожив. Тэгээд түүнийг дахин дүрсэнгүй. Амаса ч үхэв. Дараа нь Иоаб болон түүний дүү Абишаи нар Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөв.

11. Иоабын залуусын нэг нь Амасагийн дэргэд зогсоод—Иоабыг таашааж, Давидын төлөө явах хүн байвал, Иоабыг дагагтун гэв.

12. Амаса замын голд цусандаа хутгалдан хэвтэж байв. Тэр залуу бүх хүмүүсийн хөдөлгөөнгүй зогсохыг хараад, Амасаг замаас тал газар уруу аваачив. Түүний хажуугаар өнгөрөгч бүгд хөдөлгөөнгүй зогсохыг хараад, түүнийг дээлээр бүтээв.

13. Амасаг замаас холдуулмагц, Бихрийн хөвгүүн Шебаг хөөхөөр бүгд Иоабын араас дагав.

14. Шеба Абел хүртэл, бүр Бет-Маака, Бер хүртэл Израилийн бүх овог аймгуудаар явав. Тэд цугларан нэгдэж, түүний араас дагалаа.

15. Хүмүүс түүний орогносон Абел, Бет-маакаг бүслэн ирж хотын харалдаа далан босгов. Энэ нь бэхлэлт болгон босгосон хамгаалалтын хажууд байв. Иоабтай хамт байсан бүх хүмүүс хэрмийг эвдэж нураахыг оролдов.

16. Тэр үед тэр хотоос нэгэн ухаалаг эмэгтэй—Сонсооч, сонсооч. “Нааш ир. Чамд хэлэх юм байна” гэж Иоабт хэлээч гэж хашхирав.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 20