Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 19:4-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Хаан нүүрээ бүтээн чанга дуугаар—Миний хүү Абсалом. Абсалом оо. Хүү минь. Хүү минь хэмээн орилон хашхирч байв.

5. Иоаб хааны гэрт очин, хаанд—Та өнөөдөр таны амь болон таны охид хөвгүүдийн амь, мөн таны эхнэрүүд болон татвар эмсийн чинь амийг аварсан өөрийнхөө бүх зарц нарыг гутаалаа.

6. Учир нь та өөрийг тань үзэн яддаг хүмүүсийг хайрлаж, өөрийг тань хайрладаг хүмүүсийг үзэн ядлаа. Та өнөөдөр жанжнууд чинь болон зарц нар чинь таны хувьд юу ч биш гэдгийг харуулав. Хэрэв өнөөдөр Абсалом амьд байгаад, бид зугтан, бүгд үхсэн бол энэ нь таны таалалд нийцэх байсныг би энэ өдөр мэдлээ.

7. Тийм учраас одоо босож, гадагш гаран, зарц нартайгаа эвээр яриач. Би ЭЗЭНээр тангараглая. Та гадагш гарахгүй бол, энэ шөнө нэг ч хүн тантай хамт байхгүй. Тэгээд энэ нь таныг залуу байхаас эдүгээ хүртэл танд учирсан ямар ч гай зовлонгоос муу байх болно гэв.

8. Ингээд хаан босож, хаалганы дэргэд суув. Тэд бүх хүнд—Хараач. Хаан хаалганы хажууд сууж байна гэхэд, бүх хүмүүс хааны өмнө ирэв. Израиль хүмүүс тус бүр өөрсдийн майхан уруу зугтааж буцсан байв.

9. Израилийн бүх овгуудаар хүмүүс—Хаан биднийг дайсны гараас, филистчүүдийн савраас аварч гаргасан. Харин одоо хаан Абсаломаас болж газар нутгаасаа зугтав.

10. Бидний тосолж хаан болгосон Абсалом тулалдаанд нас барав. Гэтэл одоо та нар яагаад хааныг буцаан авчрах талаар дуугаа хураана вэ? гэж маргалдаж байв.

11. Давид хаан тахилч Задок болон Абиатарт хүн явуулж—Иудагийн ахлагчдад ингэж хэл. “Хамаг Израилийн хэлэлцэн байгаа нь хааны чихэнд, бүр гэрт нь хүртэл хүрсэн атал та нар юунд хаанаа ордонд нь буцаан авчрахад сүүл барина вэ?

12. Та нар бол миний ах дүүс, мах цусны минь тасархай. Тийн атал юунд хааныг буцаан авчрахад сүүл барьж байна вэ?”

13. Бас Амасад “Чи миний мах цусны тасархай бус уу? Хэрэв чи Иоабын оронд үргэлж миний цэргийн жанжин эс болбол, Бурхан намайг үүнээс илүү шийтгэх болтугай” гэж хэлүүлэв.

14. Ингээд Давид хамаг иудачуудыг нэг хүний зүрх мэт өөртөө хандуулав. Иудачууд хаанд хүн явуулж—Та болоод зарц нар тань буцаж ирнэ үү хэмээн хэлүүлэв.

15. Тэгээд хаан буцаж, Иордан голд хүрэхэд, иудачууд хааныг угтан, Иордан голыг гатлуулахын тулд Гилгалд ирэв.

16. Бахуримын Бениамин хүн Герагийн хөвгүүн Шимеи, Давид хааныг угтахаар яаран, иудачуудын хамт ирэв.

17. Түүний хамт мянган Бениамин эрс, мөн Саулын гэрийн зарц Зиба ч арван таван хөвгүүн, хорин зарц нараа дагуулан хааны өмнө Иордан голд ирэв.

18. Ингээд тэд хааны гэрийнхнийг гол гатлуулахын тулд болон түүний таалалд нийцэх зүйлийг хийхээр гармаар гаталсаар байв. Герагийн хөвгүүн Шимеи Иордан голыг гаталж байхдаа, хааны өмнө газарт хөсөр унав.

19. Тэрээр хаанд—Эзэн минь, намайг гэмтэй гэж бүү үзээч. Хаантан минь, Иерусалимаас гарч явсан тэр өдөр боол миний үйлдсэн гэмийг бүү зүрхэндээ хадгалан санаарай.

20. Боол би нүгэл үйлдсэнээ мэдэх учир, харагтун, өнөөдөр би Иосефын гэрээс хамгийн түрүүнд хаан эзнээ угтахаар ирэв гэв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 19