Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 19:12-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Та нар бол миний ах дүүс, мах цусны минь тасархай. Тийн атал юунд хааныг буцаан авчрахад сүүл барьж байна вэ?”

13. Бас Амасад “Чи миний мах цусны тасархай бус уу? Хэрэв чи Иоабын оронд үргэлж миний цэргийн жанжин эс болбол, Бурхан намайг үүнээс илүү шийтгэх болтугай” гэж хэлүүлэв.

14. Ингээд Давид хамаг иудачуудыг нэг хүний зүрх мэт өөртөө хандуулав. Иудачууд хаанд хүн явуулж—Та болоод зарц нар тань буцаж ирнэ үү хэмээн хэлүүлэв.

15. Тэгээд хаан буцаж, Иордан голд хүрэхэд, иудачууд хааныг угтан, Иордан голыг гатлуулахын тулд Гилгалд ирэв.

16. Бахуримын Бениамин хүн Герагийн хөвгүүн Шимеи, Давид хааныг угтахаар яаран, иудачуудын хамт ирэв.

17. Түүний хамт мянган Бениамин эрс, мөн Саулын гэрийн зарц Зиба ч арван таван хөвгүүн, хорин зарц нараа дагуулан хааны өмнө Иордан голд ирэв.

18. Ингээд тэд хааны гэрийнхнийг гол гатлуулахын тулд болон түүний таалалд нийцэх зүйлийг хийхээр гармаар гаталсаар байв. Герагийн хөвгүүн Шимеи Иордан голыг гаталж байхдаа, хааны өмнө газарт хөсөр унав.

19. Тэрээр хаанд—Эзэн минь, намайг гэмтэй гэж бүү үзээч. Хаантан минь, Иерусалимаас гарч явсан тэр өдөр боол миний үйлдсэн гэмийг бүү зүрхэндээ хадгалан санаарай.

20. Боол би нүгэл үйлдсэнээ мэдэх учир, харагтун, өнөөдөр би Иосефын гэрээс хамгийн түрүүнд хаан эзнээ угтахаар ирэв гэв.

21. Зеруиагийн хөвгүүн Абишаи хариулж—ЭЗЭНий тосолсон хүнийг хараасан тул Шимеи үхэх ёсгүй гэж үү? гэв.

22. Гэвч Давид—Зеруиагийн хөвгүүд минь. Энэ бол миний хэрэг. Та нар өнөөдөр надад дайсагнаж байна. Би өнөөдөр Израилийн хаан мөн гэдгээ мэдэхгүй учир Израильд хүн алах ёстой гэж үү? гэж хэлэв.

23. Тэгээд хаан Шимеид—Чи үхэхгүй хэмээн айлдаж, түүнд тангараглав.

24. Саулын хөвгүүн Мефибошет хааныг угтахаар ирэв. Тэрээр хааныг гарч явсан өдрөөс эхлэн амар мэнд буцаж ирсэн өдөр хүртэл өөрийн хөлөө арчлалгүй, сахлаа хусаагүй, хувцсаа ч угаагаагүй ажээ.

25. Хааныг угтахаар түүнийг Иерусалимаас ирсэн үед хаан түүнээс—Мефибошет, чи юунд надтай хамт явсангүй вэ? гэж асуув.

26. Тэр—Хаан эзэн минь, зарц минь намайг мэхлэв. Боол би хөлгүй учир “Би илжиг эмээллэн унаж, хаантай хамт явъя” гэж хэлсэн юм.

27. Гэтэл тэр боол намайг эзэн хаанд гүжирдэв. Гэвч миний эзэн хаан Бурханы тэнгэр элч мэт тул та өөрийн тааллаар бологтун.

28. Эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш, үхвэл таарах хүмүүс байсан боловч, боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн дунд оруулав. Тиймээс би хаанд дахин гомдоллох ямар эрхтэй юм бэ? гэв.

29. Хаан түүнд—Чи юунд өөрийнхөө хэргийг ярина вэ? Чамд болон Зибад газар хувааж өгнө гэж би шийдсэн гэж хэлэв.

30. Мефибошет хаанд—Хаантан амар мэнд гэртээ буцаж ирснээс хойш тэр бүгдийг нь аваг гэв.

31. Гилеад хүн Барзиллаи Рогелимоос Иордан голд хааныг үдэн гаргахын тулд хаантай хамт Иордан гол хүртэл явав.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 19