Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 18:9-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Абсалом Давидын зарц нартай тааралдав. Абсалом луус унасан байсан бөгөөд, луус нь том царс модны саглагар мөчрийн доогуур өнгөртөл, Абсаломын толгой нь царс модонд орооцолдон, тэрээр тэнгэр газар хоёрын хооронд дүүжлэгдэв. Харин тэр зуур унаж байсан луус нь чигээрээ явсаар л байв.

10. Нэгэн хүн түүнийг хараад Иоабт—Абсаломыг царс модонд өлгөгдсөн байхыг нь би харлаа гэж хэлэв.

11. Иоаб тэр хүнд—Чи түүнийг харсан байж, яагаад түүнийг газар дээр нь цохиж алсангүй вэ? Тэгсэн бол би чамд арван мөнгөн зоос болон бүс өгөх байв гэхэд,

12. тэр Иоабт—Би мянган мөнгө авах байсан ч хааны хөвгүүнд гар хүрэхгүй. Биднийг сонсож байхад, хаан танд болон Абишаи, Иттаи нарт “Миний төлөө залуу Абсаломыг хамгаалаарай” хэмээн тушаасан билээ.

13. Хэрэв би түүнд хорон санаагаар хандсан бол, (хаанаас юу ч нуугдаж чаддаггүй) та өөрөө хол хөндий зогсох байсан гэж өгүүлэв.

14. Иоаб—Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна хэмээн өгүүлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов.

15. Иоабын зэвсэг барьж явсан арван залуус ч Абсаломыг тойрч түүнийг цохиж алав.

16. Иоаб эвэр бүрээ үлээж, дуугаргахад хүмүүс израильчуудыг мөшгөн хөөхөө зогсоож, буцаж ирэв. Учир нь Иоаб ардуудыг татан зогсоов.

17. Тэгээд тэд Абсаломыг авч, ойд гүнзгий нүхэнд хаяад, түүний дээрээс чулуу овоолон маш том овоо босгов. Хамаг израильчууд өөр өөрсдийн майхан уруу зугтацгаав.

18. Абсалом амьд байхдаа өөртөө нэгэн баганыг Хааны Хөндийд босгосон бөгөөд тэр—Миний нэрийг хадгалах хүү надад байхгүй гэдэг байв. Өнөөдрийг хүртэл тэр багана Абсаломын хөшөө хэмээн дуудагддаг.

19. Задокийн хөвгүүн Ахимааз—Би хаан дээр гүйж очоод, дайснуудынх нь гараас түүнийг ЭЗЭН чөлөөлсөн гэдгийг мэдэгдье гэв.

20. Харин Иоаб түүнд—Өнөөдөр чи мэдээ хүргэж болохгүй, харин ондоо өдөр мэдээ хүргэж болно. Хааны хөвгүүн үхсэн тул өнөөдөр чи ямар ч мэдээ хүргэх ёсгүй гэв.

21. Иоаб куши хүнд—Явж, чи юу харснаа хаанд мэдээл гэв. Куши хүн Иоабт мэхийгээд, гүйж одов.

22. Задокийн хөвгүүн Ахимааз дахин нэг удаа Иоабт—Юу болсон ч би бас куши хүний араас гүйе л дээ гэхэд, Иоаб—Хүү минь. Явлаа гээд шагнал хүртэхгүйгээс хойш чи гүйгээд яах юм бэ? гэв.—

23. Гэвч ямар ч атугай би гүйнэ гэхэд, Иоаб—Гүй, гүй хэмээн өгүүлэв. Ахимааз тэгш тал газраар гүйж, куши хүнийг гүйцэж түрүүлэв.

24. Давид хоёр хаалганы хооронд сууж байв. Харуул цайзын хаалганы дээвэр дээгүүр явснаа, тэргүүнээ өргөн харахад, нэгэн эрэгтэй хүн гүйн ирж байв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 18