Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 16:6-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэгээд тэр Давид болон Давид хааны хамаг зарц нар уруу чулуу шидэв. Ардууд болон хамаг хүчит эрчүүд хааны баруун, зүүн талд байв.

7. Шимеи—Зайл, тонил. Цус урсгадаг, зохисгүй хүн! хэмээн хараав.

8. Саулын гэрийн урссан бүх цусыг ЭЗЭН чам дээр буцааж буулгав. Чи түүний оронд хаан болсон билээ. Чиний хөвгүүн Абсаломын гарт хаан ширээг чинь ЭЗЭН шилжүүлэв. Чи цус урсгагч учир чи өөрийнхөө бузар муу үйлсдээ ороогдов гэж хараав.

9. Зеруиагийн хөвгүүн Абишаи хаанд—Энэ үхсэн нохой яахлаараа миний эзэн хааныг хараадаг билээ? Очиж, түүний толгойг тастахыг надад зөвшөөрөөч гэж хэлэв.

10. Хаан—Зеруиагийн хөвгүүд ээ, би та нарыг яах вэ? Хэрэв ЭЗЭН түүнд “Давидыг хараа” гэж хэлээд, тэр хараасан бол “Чи юунд ингэв?” гэж хэн хэлэх юм бэ? хэмээн айлдав.

11. Тэгээд Давид Абишаи болон бүх зарц нартаа—Харагтун, надаас төрсөн хүү минь миний амийг эрж байхад, энэ бениамин хүний хувьд бол тэр тусмаа аргагүй юм. Түүнийг орхи. ЭЗЭН түүнд тушаасан тул тэр харааж л байг.

12. ЭЗЭН миний зовлонт байдлыг харж, өнөөдөр түүний хараалын оронд надад сайныг буцааж магад гэв.

13. Давид болон түүний хүмүүс замдаа гарав. Шимеи Давидтай зэрэгцэн уулын бэлээр явангаа харааж, чулуугаар шидэн, шороо цацаж байв.

14. Хаан, мөн түүнтэй хамт явсан хамаг ардууд эцэж ядарсан тул тэнд түр амрав.

15. Абсалом болон бүх хүн ард, израильчууд бүгд Иерусалим хотод орж ирэв. Ахитофел ч мөн түүнтэй хамт ирэв.

16. Давидын нөхөр архет хүн Хушаи Абсалом дээр ирж, тэрээр Абсаломд—Хаантан мөнх наслах болтугай! Хаантан мандтугай! гэв.

17. Абсалом Хушаид—Нөхөртөө чин үнэнч байгаа чинь энэ үү? Юуны учир чи нөхөртэйгөө хамт явсангүй вэ? гэж асуув.

18. Хушаи Абсаломд хариулан—Үгүй, ЭЗЭН болон энэ ард түмэн, бүх израильчууд хэнийг сонгосон байна, би түүнийх болж, мөн түүнтэй хамт байх болно.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 16