Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 15:21-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Иттаи хаанд хариулан—ЭЗЭНий амьд буйгаар болон эзэн хааны амьд буйгаар тангараглая. Миний эзэн хаан амьд ч байсан, үхсэн ч байсан, хаа байгаа газар нь боол би тантай хамт байна гэв.

22. Тиймээс Давид Иттаид—Явж, өнгөрөгтүн гэв. Ингээд гит хүн Иттаи, хамаг хүмүүс болон өөртэй нь хамт байсан бүхий л хөвгүүдийн хамтаар явж өнгөрөв.

23. Орон даяар ардууд чанга дуугаар гашуудан байх үед хүмүүс явж өнгөрөв. Хаан Кидрон горхийг гатлан бүх ардууд ч цөлийн зам тийш гатлан гарав.

24. Мөн Задок бүх Леви хүмүүсийн хамт Бурханы гэрээний авдрыг авчраад, буулган тавив. Мөн Абиатар ирж, хамаг ардуудыг хотоос гарч дуустал нь байв.

25. Хаан Задокт—Бурханы авдрыг хот уруу буцаан аваач. Хэрэв би ЭЗЭНий өмнө тааллыг нь олбол, ЭЗЭН намайг дахин буцааж авчран, авдар болон Өөрийн оршихуйг үзүүлэх болно.

26. Хэрэв Тэр “Би чамайг сайнаар таалдаггүй” хэмээн өгүүлбэл Таны зарц би энд байна. Та надад тааллаараа үйлдэх болтугай гэе.

27. Хаан тахилч Задокт—Чи үзмэрч биш үү? Чи хоёр хөвгүүн болох өөрийнхөө хөвгүүн Ахимааз болон Абиатарын хөвгүүн Ионатаныг дагуулан хот уруугаа амар тайван буцагтун.

28. Би та нараас мэдээ ирэн иртэл, цөлийн замд хүлээнэ гэв.

29. Задок болон Абиатар нар Бурханы авдрыг Иерусалим уруу буцааж, тэнд нь үлдээв.

30. Давид Чидун уул өөд өгсөхдөө, толгойгоо бүтээн, уйлан, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ардууд толгойгоо бүтээж, уйлан явав.

31. Хэн нэгэн нь Давидад—Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж хэлэхэд, Давид—ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаг болгож өгөөч гэж би залбирч байна гэв.

32. Бурханд мөргөл үйлдэх газар болсон уулын оройд Давидыг ирэх үед хувцсаа урж, толгой дээрээ шороо цацсан архет хүн Хушаи Давидтай уулзав.

33. Давид түүнд—Хэрэв чи надтай хамт явбал чи надад тээр болно.

34. Хэрэв чи хот уруу буцаж, Абсаломд “Хаантан минь, би таны зарц болъё. Урьд эцгийн тань зарц байсны адил одоо би таны зарц болъё” гэж хэлбэл чи Ахитофелын зөвлөгөөг миний төлөө бүтэлгүй болгож чадна.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 15