Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 15:2-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Абсалом өглөө эртлэн босож, хаалгаар өнгөрөх замын дэргэд зогсдог байв. Хаанаар шүүлгэхийн тулд ирж буй заргатай хүн байвал Абсалом тэднийг дуудан,—Чи аль хотын хүн бэ? гэхэд уг хүн—Таны боол би Израилийн ийм овгийн хүн байна хэмээн хариулдаг байв.

3. Тэгэхэд нь Абсалом түүнд—Харагтун. Чиний зарга сайн хийгээд зөв юм. Харин хааны зүгээс чиний хэргийг сонсох хүн нэг ч байхгүй хэмээн өгүүлдэг байв.

4. Үүнээс гадна Абсалом—Аяа, хэн нэгэн намайг энэ улсын шүүгчээр томилдогсон бол хэрэг зарга бүхий хүн бүр над дээр ирэхэд би түүнийг нь шударгаар шүүх байсан гэдэг байв.

5. Хэн нэгэн түүн дээр ойртон ирж, сунан мөргөх гэвэл тэр гараа сунган, тэр хүнийг тэвэрч үнсдэг байжээ.

6. Шүүгдэхийн тулд хаан дээр ирсэн бүх Израильтай Абсалом ийм маягаар харьцдаг байв. Ийнхүү Абсалом Израилийн хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн авав.

7. Дөчин жил өнгөрөхөд Абсалом хаанд—ЭЗЭНд өргөсөн тангаргаа би биелүүлэхийн тулд намайг Хеброн уруу явуулаач.

8. Таны боол би Сирийн Гешурт байхдаа “Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Иерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНд үйлчлэх болно” хэмээн тангарагласан юм гэв.

9. Хаан түүнд—Амар амгалан яваарай хэмээн айлдсанд тэрээр босож Хеброн уруу явав.

10. Гэхдээ Абсалом Израилийн бүхий л овог аймгаар тагнуул илгээж,—Эвэр бүрээний дууг сонсонгуутаа та нар “Абсалом бол Хеброн дахь хаан юм” хэмээгтүн гэж хэлүүлэв.

11. Тэгээд хоёр зуун хүн Абсаломын хамт Иерусалимаас явав. Тэдгээр хүмүүс уригдаж явсан бөгөөд юу болж байгааг ч мэдээгүй, гэмгүй хүмүүс байв.

12. Абсалом тахил өргөж байх зуураа хүн явуулж, Давидын зөвлөх Гиллон хүн Ахитофелыг, өөрийнх нь хот Гилогоос дуудаж авчрав. Абсаломтай нэгдэн нийлэх хүмүүсийн тоо өссөөр байсан тул хуйвалдаан ч хүчтэй байв.

13. Тэгэхэд Давид дээр нэгэн элч ирж,—Израилийн хүмүүсийн сэтгэл зүрх Абсаломтай хамт байна хэмээн өгүүлэв.

14. Тэгэхэд Давид Иерусалимд өөртэй нь хамт байсан бүх зарц нартаа—Зугтацгаая. Эс тэгвээс бидний хэн нь ч Абсаломаас зугтааж оргож чадахгүй. Хурдалъя. Тэр биднийг үтэр гүйцэж, гай учруулан, илдний ирээр энэ хотыг дайрах вий гэж хэлэв.

15. Хааны зарц нар хаанд—Миний хаан эзэн тааллаараа юу хэлнэ, тэр бүхнийг бид биелүүлэхэд бэлэн байна гэцгээв.

16. Ингээд хаан гарч явахад, гэрийнхэн нь бүгд түүнийг даган гарав. Харин хаан гэрээ сахиулахаар арван бага эхнэрээ үлдээв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 15