Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 15:14-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэгэхэд Давид Иерусалимд өөртэй нь хамт байсан бүх зарц нартаа—Зугтацгаая. Эс тэгвээс бидний хэн нь ч Абсаломаас зугтааж оргож чадахгүй. Хурдалъя. Тэр биднийг үтэр гүйцэж, гай учруулан, илдний ирээр энэ хотыг дайрах вий гэж хэлэв.

15. Хааны зарц нар хаанд—Миний хаан эзэн тааллаараа юу хэлнэ, тэр бүхнийг бид биелүүлэхэд бэлэн байна гэцгээв.

16. Ингээд хаан гарч явахад, гэрийнхэн нь бүгд түүнийг даган гарав. Харин хаан гэрээ сахиулахаар арван бага эхнэрээ үлдээв.

17. Хаан болон түүнтэй хамт байсан бүх хүмүүс гарч, сүүлчийн гэрийн дэргэд зогсов.

18. Хамаг зарц нар нь хааны хажуугаар өнгөрөн, бүх херетчүүд болон бүх пелетчүүд, хаантай хамт Гатаас ирсэн зургаан зуун гит хүмүүс бүгд хааны өмнүүр явж өнгөрөв.

19. Хаан гит хүн Иттаид—Юунд чи бас бидэнтэй хамт явна вэ? Чи харь хүн бөгөөд бас цагаачин учир буцаж, хаантайгаа хамт үлд.

20. Чи дөнгөж өчигдөр л ирсэн, тэгээд чамайг өнөөдөр өөрсдийн хамт хэрэн хэсүүлэх хэрэг үү? Учир нь би эндээс хаашаа ч хамаагүй аялах юм. Чи өөрийн ах дүүс нараа аваад буц. Өршөөл болон үнэн нь чамтай хамт байх болтугай гэв.

21. Иттаи хаанд хариулан—ЭЗЭНий амьд буйгаар болон эзэн хааны амьд буйгаар тангараглая. Миний эзэн хаан амьд ч байсан, үхсэн ч байсан, хаа байгаа газар нь боол би тантай хамт байна гэв.

22. Тиймээс Давид Иттаид—Явж, өнгөрөгтүн гэв. Ингээд гит хүн Иттаи, хамаг хүмүүс болон өөртэй нь хамт байсан бүхий л хөвгүүдийн хамтаар явж өнгөрөв.

23. Орон даяар ардууд чанга дуугаар гашуудан байх үед хүмүүс явж өнгөрөв. Хаан Кидрон горхийг гатлан бүх ардууд ч цөлийн зам тийш гатлан гарав.

24. Мөн Задок бүх Леви хүмүүсийн хамт Бурханы гэрээний авдрыг авчраад, буулган тавив. Мөн Абиатар ирж, хамаг ардуудыг хотоос гарч дуустал нь байв.

25. Хаан Задокт—Бурханы авдрыг хот уруу буцаан аваач. Хэрэв би ЭЗЭНий өмнө тааллыг нь олбол, ЭЗЭН намайг дахин буцааж авчран, авдар болон Өөрийн оршихуйг үзүүлэх болно.

26. Хэрэв Тэр “Би чамайг сайнаар таалдаггүй” хэмээн өгүүлбэл Таны зарц би энд байна. Та надад тааллаараа үйлдэх болтугай гэе.

27. Хаан тахилч Задокт—Чи үзмэрч биш үү? Чи хоёр хөвгүүн болох өөрийнхөө хөвгүүн Ахимааз болон Абиатарын хөвгүүн Ионатаныг дагуулан хот уруугаа амар тайван буцагтун.

28. Би та нараас мэдээ ирэн иртэл, цөлийн замд хүлээнэ гэв.

29. Задок болон Абиатар нар Бурханы авдрыг Иерусалим уруу буцааж, тэнд нь үлдээв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 15