Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 14:8-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэгэхэд хаан эмэгтэйд—Гэртээ харь. Чиний энэ хэргийн талаар би зарлиг буулгах болно гэж хэлэв.

9. Текоагийн эмэгтэй хаанд—Хаан эзэн минь ээ, гэм буруу нь над дээр болон эцгийн минь гэр дээр буух болтугай. Харин хаан хийгээд, түүний хаан ширээ нь гэмгүй гэв.

10. Ингэсэнд хаан—Чамд хэн гомдоллоно, түүнийг над дээр авчрагтун. Тэр цаашид чамд гар хүрэхгүй гэж хэлэв.

11. Тэгэхэд тэр эмэгтэй—Хаан та өөрийн Бурхан ЭЗЭНээ санах болтугай. Ингэснээр цусан өшөө авагч нь устгах ажлаа үргэлжлүүлэхээ больж магад. Эс тэгвээс тэд хүүг минь устгана шүү дээ гэхэд, хаан—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Хүүгийн чинь толгойн нэг ширхэг ч үс газарт унахгүй гэж хэлэв.

12. Тэгтэл тэр эмэгтэй—Өөрийн эзэн хаанд ганц үг айлтгахыг шивэгчин надад зөвшөөрч хайрла гэсэнд хаан—Айлтгагтун! гэжээ.

13. Эмэгтэй—Тэгвэл юунд та Бурханы хүмүүсийн эсрэг ийм зүйлийг сэтгэнэ вэ? Учир нь ингэж хэлснээрээ хөөсөн хүнээ буцааж авчирдаггүй тул хаан өөрийгөө гэмтэй хүн болгож байна.

14. Учир нь бид үхэх нь гарцаагүй бөгөөд газарт асгагдаад, дахин цуглуулж үл чадах устай адил юм. Гэлээ ч Бурхан амь тасалдаггүй, харин хөөгдсөн хүнийг Өөрөөсөө зайлуулахгүйн тулд арга замуудыг төлөвлөдөг.

15. Би энэ хэргийг хаан эзэндээ хэлэхээр ирсэн учир нь гэвэл хүмүүс намайг айлган сүрдүүлснээс юм. Ингээд таны шивэгчин би “Хаантанд хэлж үзье. Хаантан шивэгчнийхээ хүслийг биелүүлж магад.

16. Учир нь хаантан сонсож, намайг болон хүүг минь Бурханы өвөөс таслан устгах хүний гараас шивэгчнээ аврах болно” гэв.

17. Тэгээд шивэгчин тань “Миний эзэн хааны үг намайг тайтгаруулах болтугай. Учир нь Бурханы тэнгэр элч шиг миний эзэн хаан сайн мууг ялгадаг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай” гэж хэлсэн билээ гэв.

18. Дараа нь хаан тэр эмэгтэйд хариулан,—Миний асуух гэж байгаа зүйлсээс та юуг ч надаас бүү нуугаарай гэв. Эмэгтэй—Хаан эзэн минь, өгүүлэгтүн гэв.

19. Ийнхүү хаан—Энэ бүгдэд Иоабын гар оролцсон уу? гэхэд эмэгтэй хариулан—Хаан эзэн минь, таны амьд буйгаар тангараглая. Хаан эзэний минь хэлснээс хэн ч баруун, зүүн тийш эргэж чадахгүй. Үнэхээр таны зарц Иоаб надад тушаасан ба тэр хүн л хэлэх энэ бүх үгсийг шивэгчинд тань зааж өгсөн билээ.

20. Энэ хэргийн байдлыг өөрчлөхийн тулд таны зарц Иоаб ийм зүйлийг үйлдэв. Харин миний эзэн Бурханы тэнгэр элч мэт мэргэн бөгөөд энэ газар дээрх бүх зүйлийг мэддэг билээ гэв.

21. Тэгэхэд хаан Иоабт—Харагтун, би үүнийг заавал үйлдэх болно. Тийм учраас явж, залуу хүн Абсаломыг буцааж авчрагтун гэв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 14