Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 14:3-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Дараа нь хаан дээр очин, ийнхүү айлтгагтун гэв. Ингээд Иоаб тэр эмэгтэйд хэлэх үгсийг нь зааж өгөв.

4. Текоагийн эмэгтэй хаанд ярихдаа, нүүрээрээ газар шаан унаж, сунан мөргөөд—Тусалж хайрла, хаантан минь гэв.

5. Хаан тэр эмэгтэйгээс—Ямар зовлон чамд учрав? гэж асуухад, тэр эмэгтэй хариулан—Үнэндээ би бэлэвсэн эмэгтэй, нөхөр минь нас барсан билээ.

6. Шивэгчин тань хоёр хүүтэй байсан. Гэвч тэр хоёр хээр талд хоорондоо тэмцэлдэхэд тэр хоёрыг салгах хүн нэг ч байгаагүй учир нэг нь нөгөөгөө цохиж алав.

7. Тэгтэл бүх л гэрийнхэн шивэгчин миний эсрэг босож, “Ахыгаа алсан хүнийг бидэнд тушаагтун. Түүнд алагдсан ахынх нь амийн төлөө бид түүнийг алж, бас энэ гэрийн удмыг тасалъя” гэцгээв. Тэд ингэснээрээ надад үлдсэн ганц очийг минь унтрааж, газар дээр нөхрөөс минь нэрийг нь ч, үр удмыг нь ч үлдээхгүй болгох юм гэж айлтгав.

8. Тэгэхэд хаан эмэгтэйд—Гэртээ харь. Чиний энэ хэргийн талаар би зарлиг буулгах болно гэж хэлэв.

9. Текоагийн эмэгтэй хаанд—Хаан эзэн минь ээ, гэм буруу нь над дээр болон эцгийн минь гэр дээр буух болтугай. Харин хаан хийгээд, түүний хаан ширээ нь гэмгүй гэв.

10. Ингэсэнд хаан—Чамд хэн гомдоллоно, түүнийг над дээр авчрагтун. Тэр цаашид чамд гар хүрэхгүй гэж хэлэв.

11. Тэгэхэд тэр эмэгтэй—Хаан та өөрийн Бурхан ЭЗЭНээ санах болтугай. Ингэснээр цусан өшөө авагч нь устгах ажлаа үргэлжлүүлэхээ больж магад. Эс тэгвээс тэд хүүг минь устгана шүү дээ гэхэд, хаан—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Хүүгийн чинь толгойн нэг ширхэг ч үс газарт унахгүй гэж хэлэв.

12. Тэгтэл тэр эмэгтэй—Өөрийн эзэн хаанд ганц үг айлтгахыг шивэгчин надад зөвшөөрч хайрла гэсэнд хаан—Айлтгагтун! гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 14