Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 14:24-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Харин хаан—Түүнийг гэрт нь аваач. Нүүрийг нь надад бүү харуул гэж хэлэв. Ингээд Абсалом хааны нүүрийг ч үзэлгүй гэртээ харив.

25. Бүх Израилийн хаана нь ч Абсаломтай адил тийм сайхан гэж магтагдах хүн үгүй байв. Хөлийн улнаас нь толгой дээрх титэм хүртэл нь түүнд өө сэв байсангүй.

26. Түүнийг үсээ хусуулахад, (Дээрээс нь хүндээр дардаг байсан учир жил бүрийн сүүлчээр тэр үсээ хусуулдаг байв) тэр толгойн үсээ хааны хэмжүүрээр хэмжихэд хоёр зуун шекел болдог байв.

27. Абсаломд гурван хөвгүүн, нэг охин төрөв. Охины нэрийг Тамар гэдэг байсан бөгөөд тэр үзэсгэлэнт гоо эмэгтэй байв.

28. Абсалом Иерусалимд бүтэн хоёр жил амьдрахдаа хаантай нэг ч удаа уулзсангүй.

29. Дараа нь Абсалом Иоабыг хаан уруу илгээхээр түүн уруу хүн явуулсан боловч, тэр ирсэнгүй. Тиймээс Абсалом дахин хоёр дахь удаагаа хүн явуулахад ч Иоаб ирэхгүй л байв.

30. Тийм учраас Абсалом зарц нартаа—Харагтун, Иоабын тариалангийн талбай миний талбайн хажууд байгаа бөгөөд тэнд арвай тарьсан байна. Явж, түүнийг нь галдан шатаагтун гэхэд Абсаломын зарц нар тариалангийн талбайд гал тавив.

31. Тэгэхэд Иоаб босож, Абсаломын гэрт ирэн түүнд—Чиний зарц нар юунд миний тариалангийн талбайг галдан шатаав? гэв.

32. Абсалом Иоабт—Харагтун, би чам уруу хүн явуулж “Би таныг хаан уруу илгээж «Юунд намайг Гешураас буцааж ирүүлэв? Тэнд байсаар байх нь надад дээр байсан юм» хэмээн хэлүүлэхээр та энд ирэгтүн” хэмээн хэлүүлсэн бус уу? Тийм учраас одоо би хаантай уулзаж, хэрэв надад гэм нүгэл байвал, тэр намайг алах болтугай гэв.

33. Ийнхүү Иоаб хаан дээр очин айлтгасанд, хаан Абсаломыг дуудав. Абсалом хаанд бараалхаж, хааны өмнө нүүрээрээ газарт хүртэл сунан мөргөхөд, хаан Абсаломыг үнсэв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 14