Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 14:18-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Дараа нь хаан тэр эмэгтэйд хариулан,—Миний асуух гэж байгаа зүйлсээс та юуг ч надаас бүү нуугаарай гэв. Эмэгтэй—Хаан эзэн минь, өгүүлэгтүн гэв.

19. Ийнхүү хаан—Энэ бүгдэд Иоабын гар оролцсон уу? гэхэд эмэгтэй хариулан—Хаан эзэн минь, таны амьд буйгаар тангараглая. Хаан эзэний минь хэлснээс хэн ч баруун, зүүн тийш эргэж чадахгүй. Үнэхээр таны зарц Иоаб надад тушаасан ба тэр хүн л хэлэх энэ бүх үгсийг шивэгчинд тань зааж өгсөн билээ.

20. Энэ хэргийн байдлыг өөрчлөхийн тулд таны зарц Иоаб ийм зүйлийг үйлдэв. Харин миний эзэн Бурханы тэнгэр элч мэт мэргэн бөгөөд энэ газар дээрх бүх зүйлийг мэддэг билээ гэв.

21. Тэгэхэд хаан Иоабт—Харагтун, би үүнийг заавал үйлдэх болно. Тийм учраас явж, залуу хүн Абсаломыг буцааж авчрагтун гэв.

22. Иоаб нүүрээрээ газар шаан унаж, сунан мөргөж, хааныг ерөөв. Тэгээд Иоаб—Хаан эзэн минь ээ, хаан боолынхоо хүсэлтийг биелүүлж өгсөн тул өнөөдөр таны боол би таны тааллыг олсноо мэдэв гэжээ.

23. Тийнхүү Иоаб босоод, Гешур уруу явж, Абсаломыг Иерусалимд авчрав.

24. Харин хаан—Түүнийг гэрт нь аваач. Нүүрийг нь надад бүү харуул гэж хэлэв. Ингээд Абсалом хааны нүүрийг ч үзэлгүй гэртээ харив.

25. Бүх Израилийн хаана нь ч Абсаломтай адил тийм сайхан гэж магтагдах хүн үгүй байв. Хөлийн улнаас нь толгой дээрх титэм хүртэл нь түүнд өө сэв байсангүй.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 14