Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 13:17-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Тэгээд Амнон зарц залуугаа дуудан,—Энэ хүүхнийг надаас хөөж гаргаад, үүдээ түгж гэж тушаав.

18. Тамар урт ханцуйтай хувцас өмссөн байв. Хааны онгон гүнжүүд ийм хувцас өмсдөг байлаа. Амноны зарц түүнийг хөөж гаргаад, үүдээ түгжив.

19. Тамар толгой дээрээ үнс тавин, өмссөн урт ханцуйтай хувцсаа урж, толгой дээрээ гараа тавин, чангаар орилсоор явав.

20. Түүний ах Абсалом түүнд—Чиний ах Амнон чамтай хамт байсан уу? Харин одоо, дүү минь, дуугүй бай. Тэр чиний ах шүү дээ. Энэ явдлыг зүрх сэтгэлдээ бүү хадгал гэв. Ийнхүү Тамар Абсалом ахынхаа гэрт үлдээд, ганцаараа амьдрав.

21. Давид хаан эдгээр бүх хэргийн талаар сонсоод ихэд уурлан хилэгнэв.

22. Харин Абсалом Амнонд энэ хэргийн талаар сайн муу юу ч ярьсангүй. Охин дүү Тамарыг нь доромжилсон учир Амноныг Абсалом үзэн ядаж байв.

23. Түүнээс хойш бүтэн хоёр жилийн дараа Абсалом Ефраимын ойролцоо Баал-хазорт хонины ноос хяргах баяр хийн, хааны бүх хөвгүүнийг урив.

24. Абсалом хаанд бараалхан,—Харагтун, боол тань ноос хяргах баяр хийх учир хаан өөрийн зарц нарын хамт зарц надтай хамт яваач гэв.

25. Гэвч хаан Абсаломд—Үгүй, хүү минь, бид бүгдээрээ явах хэрэггүй. Учир нь бид чамд дарамт болж магадгүй гэв. Хэдийгээр Абсалом ятгасан ч Давид явсангүй, харин түүнийг ерөөв.

26. Тэгэхэд нь Абсалом—Тэгвэл миний ах Амноныг бидэнтэй хамт явуулаач гэхэд, хаан түүнээс—Яагаад тэр чамтай явах ёстой билээ? гэж асуув.

27. Гэвч Абсалом түүнийг ятгахад тэр Амнон болон хааны бүх хөвгүүнийг түүнтэй хамт явуулав.

28. Абсалом зарц нартаа тушааж,—Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжих үед, мөн би та нарт “Амноныг цохигтун” хэмээн өгүүлмэгц түүнийг алагтун. Бүү айгтун. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй, зоригтой бай гэв.

29. Абсаломын зарц нар тушаасан ёсоор нь Амноныг алсан билээ. Тэгэхэд хааны бүх хөвгүүн босож, өөр өөрийн луусыг унан зугтацгаав.

30. Тэднийг замдаа явж байх үед Давидад—Абсалом нь хааны бүх хөвгүүнийг цохин алав. Тэднээс нэг нь ч амьд үлдсэнгүй гэх мэдээ ирэв.

31. Тэгэхэд хаан босож, хувцсаа уран, газарт хэвтэв. Түүний бүх зарц дэргэд нь хувцсаа уран зогсож байв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 13