Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 12:11-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, чиний эсрэг гай зовлонг Би гэрийнхнээс чинь өсгөнө. Би бүр чиний нүдний өмнө эхнэрүүдийг чинь авч, хамтрагчид чинь өгнө. Тэр хүн гэгээн цагаан өдөр чиний эхнэрүүдтэй унтах болно.

12. Чи үүнийг нууцаар үйлдсэн бол, Би хамаг Израилийн өмнө, наран доор энэ хэргийг үйлдэнэ” гэв хэмээн хэлэв.

13. Тэгэхэд Давид Натанд—Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэв гэв. Натан Давидад—ЭЗЭН мөн чиний нүглийг зайлуулсан. Чи үхэхгүй.

14. Харин хийсэн энэ хэргээрээ чи ЭЗЭНий дайснуудад доромжлох боломжийг өгсөн тул чиний хүү ч заавал үхнэ гэв.

15. Ингээд Натан гэр өөдөө буцав. Уриагийн бэлэвсэн эхнэрийн Давидад төрүүлсэн хүүг ЭЗЭН цохисонд тэр хүү хүнд өвчинд нэрвэгдэв.

16. Тийм учраас Давид тэр хүүхдийн төлөө Бурханаас гуйн, мацаг барьж, явж, шөнөжингөө газар хэвтэв.

17. Түүний гэрийнхний ахлагчид дэргэд нь зогсон, түүнийг газраас босгох гэсэн боловч Давид босохыг хүссэнгүй бөгөөд тэдэнтэй хамт хоол ч идсэнгүй.

18. Долоо дахь өдөр хүүхэд нь нас баржээ. Давидын зарц нар хүүхдийг нас барсныг Давидад хэлэхээс айж байв. Учир нь “Хүүг амьд байх үед бид хааныг ятгахад тэр бидний үгийг сонсоогүй. Хаан өөртөө ямар нэгэн муу юм хийж магадгүй тул хүүхэд нь нас барсныг хаанд яаж хэлэх вэ?” гэлцэж байв.

19. Харин Давид зарц нарынхаа шивнэлдэхийг хараад, хүүхэд нас барсныг ойлголоо. Ийнхүү Давид зарц нараасаа—Хүү нас барсан уу? гэж асуухад тэд—Тийм ээ, тэр нас барав гэв.

20. Ингээд Давид газраас босож, угаал үйлдэн, биеэ тослоод, хувцсаа сольжээ. Тэр ЭЗЭНий өргөөнд орж, хүндэтгэн мөргөв. Дараа нь гэртээ харин, хоол бэлтгүүлж, идэв.

21. Тэгтэл зарц нар нь—Таны үйлдсэн энэ хэрэг ямар учиртай юм бэ? Хүүхэд амьд байхад та мацаг барьж, уйлж байсан, харин хүүхэд нас барахад та босож, хоол идлээ гэлцэв.

22. Давид—Хүүг амьд байх үед би мацаг барин, уйлж байсан нь “ЭЗЭН намайг нигүүлсэж, хүүг амьдруулах магад” хэмээн санасны учир юм.

23. Гэтэл одоо хүүхэд нас барчихлаа. Би юунд мацаг барих ёстой билээ? Би түүнийг дахин эргүүлж авчирч чадах уу? Би түүн уруу очих болно. Гэвч тэр над дээр эргэж ирэхгүй гэв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 12