Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 11:17-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Хотын хүмүүс гарч ирэн, Иоабын эсрэг тулалдахад, Давидын зарц нарын дундаас зарим нь алагдсан бөгөөд хит хүн Уриа ч мөн үхэв.

18. Тэгээд Иоаб хүн илгээн, тулалдааны бүх үйл явдлыг Давидад мэдэгдэв.

19. Тэр элчид тушааж,—Тулалдааны бүх үйл явдлыг хаанд хэлж дуусахад,

20. хэрэв хаан хилэгнэж, “Яагаад та нар тулалдахаар хот уруу тийм ойрхон очив? Хэрмэн дээрээс тэд харваж болно гэдгийг та нар мэддэггүй юм уу?

21. Иеруббешетийн хүү Абимелехийг хэн цохиж алсан бэ? Нэгэн эм хэрмэн дээрээс тээрмийн чулууг унагаж, Тебезэд түүнийг алсан бус уу? Яагаад та нар хэрмэнд тийм ойрхон очив?” хэмээн чамайг загнавал чи “Таны зарц хит хүн Уриа ч үхэв” гэж хэлэгтүн гэв.

22. Ингээд элч мордон, Давидад очиж, Иоабын хэл явуулсан бүгдийг мэдүүлэв.

23. Элч Давидад—Дайснууд бидний эсрэг давуу хүчээр байлдан, биднийг довтлон хээр талд гарч ирсэн боловч бид тэднийг хаалганы үүд хүртэл шахав.

24. Үүнээс гадна, хэрмэн дээрээс харваачид таны зарц нарыг харваж, хааны зарим зарц нар үхэж, мөн таны зарц Хит хүн Уриа ч үхэв гэж өчив.

25. Тэгэхэд Давид элчид—Чи Иоабт ийнхүү дамжуул. “Илд хэнийг ч залгидаг учраас энэ хэрэгт санаа бүү зовогтун. Хотын эсрэг довтолгоогоо ширүүсгэж, хотыг арчин хая” гэж хэлж, түүний урмыг сэргээ гэв.

26. Нөхөр Уриа нь үхсэн гэдгийг Уриагийн эхнэр сонсоод, нөхрийнхөө төлөө гашуудав.

27. Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулж, тэр эмэгтэйг гэртээ авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж, түүнд нэгэн хүү төрүүлэв. Гэвч Давидын үйлдсэн хэрэг нь ЭЗЭНий өмнө бузар муу байв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 11