Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үүний дараа аммончуудын хаан нас нөгчсөн бөгөөд хүү Ханун нь хаан суудлыг залгав.

2. Тэгэхэд Давид—Эцэг нь надад энэрлийг үзүүлсний адил, би Нахашийн хүү Ханунд энэрлийг үзүүлье хэмээгээд, эцгийнх нь тухайд түүнийг тайвшруулахаар хэсэг зарц нараа явуулав. Харин Давидын зарц нар аммончуудын нутагт ирэхэд,

3. аммончуудын ноёд өөрсдийн эзэн Ханунд—Тан уруу тайтгаруулагчдыг илгээснээрээ Давид эцгийг тань хүндэлж байна гэж та бодож байна уу? Энэ хотыг тагнан туршиж, унагаах гэж Давид тан уруу зарц нараа явуулсан бус уу? гэв.

4. Ийнхүү Ханун Давидын зарц нарыг барьж, тэдний сахлын талыг нь хусаад, хувцсыг нь ташаа хүртэл нь цуулан, буцааж явуулав.

5. Тэд энэ тухай Давидад хэлсэнд тэр тэднийг угтуулахаар хүн явуулав. Учир нь тэр хүмүүс үлэмж доромжлогджээ. Хаан—Та нар сахлаа ургатал Иериход байж байгаад дараа нь буцацгаа гэв.

6. Аммоны хөвгүүд Давидад жигшигдэх болсноо хараад хүмүүсийг илгээн Бет-рехобын сиричүүд болон Зобагийн сиричүүд болох хорин мянган явган цэргийг, Маакагийн хааныг нэг мянган цэргийн хамт, мөн арван хоёр мянган эрчүүдийн хамт Тобын хүмүүсийг хөлслөн авав.

7. Давид үүнийг сонсоод, Иоаб болон хамаг цэргүүд, хүчит эрсээ илгээв.

8. Аммоны хөвгүүд гарч ирэн, хотын хаалган дээр байлдааны жагсаалаар зогсоход Зоба болон Рехобын сиричүүд мөн Тоб болон Маакагийн хүмүүс тусдаа, талд байрлав.

9. Тулалдааны талбар түүний урд талд, мөн ард талд байгааг Иоаб хараад, Израилийн бүх шилдэг эрсээс сонгон, тэднийг сиричүүдийн эсрэг жагсаан байрлуулав.

10. Харин үлдсэн хүмүүсээ тэр өөрийн дүү Абишаигийн гарт даатган, Аммоны хөвгүүдийн эсрэг жагсаан байрлуулав.

11. Иоаб—Хэрэв сиричүүд надаас хэт илүү хүчтэй бол чи надад тусал. Харин хэрэв Аммоны хөвгүүд чамаас хэт илүү хүчтэй бол би чамд туслахаар очих болно.

12. Хүчтэй байгтун. Ард түмнийхээ төлөө хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой гэдгээ үзүүлье. ЭЗЭН Өөрийн мэлмийд юу сайн гэснээ үйлдэх болтугай гэв.

13. Ингээд Иоаб болон түүнтэй хамт байсан цэргүүд сиричүүдтэй тулалдахаар ойртсонд сиричүүд зугтав.

14. Аммоны хөвгүүд сиричүүдийн зугтахыг хараад өөрсдөө бас Абишаигийн урдаас зугтаж хот уруу оров. Тэгээд Иоаб Аммоны хөвгүүдтэй дайтахаас буцан, Иерусалимд ирэв.

15. Сиричүүд өөрсдийгөө Израильд ялагдсаныг хараад, өөрсдийнхөө хүмүүсийг цуглуулав.

16. Хададезер хүмүүсийг илгээн, Евфрат мөрний чанад дахь сиричүүдийг авчруулсанд тэд Хеламд ирэв. Хададезерын цэргийн жанжин Шобах тэднийг удирдав.

17. Энэ тухай Давидад хэлсэнд тэр хамаг Израилийг цуглуулж, Иорданыг гатлан, Хеламд ирэв. Сиричүүд Давидтай нүүр учран, түүний эсрэг тулалдахаар жагсацгаав.

18. Гэвч сиричүүд Израилийн урдаас зугтаасан бөгөөд Давид сиричүүдээс долоон зуун тэрэгт цэрэг болон дөчин мянган морьт цэргийг алж, цэргийн жанжин Шобахыг цохисонд тэр тэндээ үхэв.

19. Хададезерын харьяаны бүх хаан Израильд ялагдсанаа хараад, Израильтай энхийг тогтоон, тэдэнд үйлчлэх болов. Сиричүүд үүнээс хойш Аммоны хөвгүүдэд туслахаасаа айдаг болжээ.