Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 9:16-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Маргааш өдийд Би чам уруу Бениамины нутгаас нэг хүнийг явуулна. Чи түүнийг Миний ард түмэн Израилийг захирах ноён болгон тосол. Тэр Миний ард түмнийг филистчүүдийн савраас аврах болно. Учир нь Миний ард түмний хашхирах дуу Надад хүрч, Би Өөрийн ард түмнээ энэрэв гэжээ.

17. Самуел Саулыг харах үед ЭЗЭН түүнд—Харагтун, Миний чамд хэлсэн хүн энэ байна. Энэ хүн Миний ард түмнийг захирна гэж мэдүүлэв.

18. Саул хаалганы дэргэд Самуел уруу ойртож ирээд,—Үзмэрчийн гэр хаана байгааг надад хэлж өгнө үү гэв.

19. Самуел Саулд хариулан,—Би үзмэрч байна. Миний өмнө ороод мөргөлийн өндөрлөг өөд явагтун. Учир нь өнөөдөр чи надтай хамт хоол идэх болно. Маргааш өглөө би чамайг явуулъя. Чиний зүрх сэтгэлд байгаа бүгдийг хэлэх болно.

20. Гурван хоногийн өмнө алга болсон илжигнүүдийнхээ төлөө бүү санаа зовогтун. Учир нь тэднийг олсон билээ. Израилийн бүхий л хүсэл тэмүүлэл хэний төлөө байна вэ? Энэ нь чиний төлөө болон эцгийн чинь бүх гэрийнхний төлөө бус уу? гэж хэлэв.

21. Саул хариуд нь—Би Израилийн овгуудын дотроос хамгийн бага нь болох Бениамины хөвгүүн бөгөөд миний гэр бүл Бениамин овгийн бүх гэр бүл дотроос хамгийн дорой нь бус уу? Юунд та надад ийнхүү өгүүлнэ вэ? гэв.

22. Тэгээд Самуел Саул болон түүний зарцыг танхимд дагуулан орж, уригдсан гуч орчим эрчүүдийн тэргүүн суудалд суулгав.

23. Самуел тогоочид—Миний чамд өгч “Үүнийг хойш тавь” гэж хэлсэн хувийг авчрагтун гэжээ.

24. Тогооч нь гуя болон түүний дээрх махыг гарган, Саулын өмнө тавив. Самуел хэлэхдээ—Чамд үлдээсэн зүйл энэ байна. Үүнийг өмнөө тавин, зооглогтун. Би зочдыг урьсан гэж хэлснээсээ хойш чамд зориулан үүнийг хойш тавьсан юм гэв. Ийнхүү тэр өдөр Саул Самуелтай хамт хооллов.

25. Тэд мөргөлийн өндөрлөгөөс хот уруу бууж ирээд, Самуел Саултай дээвэр дээр ярилцав.

26. Тэд өглөө эрт бослоо. Үүр цайхад Самуел дээвэр дээр Саулыг дуудан,—Босогтун. Би чамайг үдэж өгье гэв. Саул босож, Самуелтай хамт гудамжинд гарав.

27. Тэд хотын зах уруу явж байхад Самуел Саулд—Биднээс түрүүлээд явахыг зарцдаа хэлэгтүн. Харин чи энд зогсож бай. Би чамд Бурханы үгийг мэдүүлье гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 9