Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 9:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бениамин овгийн Киш гэдэг нэртэй хүн байжээ. Киш бол Абиелын хөвгүүн, Зерорын ач, Бехоратын гуч, Афиагийн жич, бениаминчуудын хөвгүүн бөгөөд эр зоригтой хүн байв.

2. Киш нэг хүүтэй бөгөөд түүний нэрийг Саул гэдэг байв. Саул бол шилэгдсэн, сайхан залуу бөгөөд Израилийн хөвгүүдийн дотор түүнээс илүү сайхан залуу үгүй байв. Тэр бүх ардуудаас мөрөөрөө илүү өндөр байлаа.

3. Нэг удаа Саулын эцэг Кишийн илжигнүүд нь алга болжээ. Киш өөрийн хүү Саулд—Зарц нараас нэгийг дагуулан босож, илжигнүүдээ эрэхээр яв гэжээ.

4. Тэд Ефраимын уулархаг нутгаар, бас Шалишагийн нутгаар дамжин явсан боловч илжигнүүдээ олсонгүй. Дараа нь тэд Шалимын нутгаар явсан боловч илжигнүүд тэнд байсангүй. Тэгээд тэр Бениамины нутгаар яваад ч илжигнүүдээ олсонгүй.

5. Тэд Зуфын нутагт ирэхэд Саул зарцдаа—Одоо буцацгаая. Эс тэгвэл эцэг маань илжигнүүддээ биш, харин бидэнд санаа зовох болно гэв.

6. Зарц нь түүнд—Хүлээгтүн. Энэ хотод Бурханы хүн бий. Тэр бол хүндтэй хүн. Тэр хүний хэлсэн бүгд нь заавал биелдэг. Одоо тийшээ явцгаая. Бидний явах ёстой аян замын талаар тэр хэлж өгч магадгүй юм гэв.

7. Тэгэхэд Саул зарцдаа—Харин хэрэв бид очвол, тэр хүнд юу аваачиж өгөх вэ? Бидний богцон дахь талх ч дуусчихсан. Бурханы хүнд барих бэлэг ч байхгүй. Бидэнд юу байгаа билээ? гэв.

8. Зарц нь Саулд дахин хариулж,—Харагтун. Миний гарт мөнгөн шекелийн дөрөвний нэг байна. Би үүнийг Бурханы хүнд өгч, тэр бидэнд явах замыг минь зааж өгнө гэв.

9. (Урьд Израильд хэн нэгэн хүн Бурханы хүслийг асуухаар очихдоо “Үзмэрчид очъё” гэдэг байжээ. Одоогийн эш үзүүлэгчийг урьдын цагт үзмэрч гэдэг байв.)

10. Тэгээд Саул зарцдаа—Зөв ярьж байна. Одоо явцгаая гэв. Ингээд Бурханы хүн байгаа хот уруу тэд явцгаав.

11. Тэд хот уруу өгсөн явахдаа ус авахаар гарч явсан залуу эмэгтэйчүүдтэй уулзан, тэдэнд—Үзмэрч энд байгаа юу? гэж асуув.

12. Тэд хариулан—Тийм ээ, тэр та нарын урд явж байна. Одоо хурдлагтун, ард олон өнөөдөр мөргөлийн өндөрлөг дээр тахил өргөх тул тэр өнөөдөр хотод ирсэн юм.

13. Та нар хот уруу ормогц, түүнийг мөргөлийн өндөрлөг өөд гарч, зоог барихын өмнө түүнтэй уулзах болно. Учир нь тэр тахилыг ерөөх ёстой болохоор түүнийг ирэх хүртэл ард олон зоог барихгүй. Ерөөсний дараа уригдагсад зоог барьж эхэлдэг юм. Тийм учраас одоо явж, түүнтэй уулзагтун гэв.

14. Тийнхүү тэд хот уруу явцгаав. Тэднийг хотод хүрэх үед Самуел мөргөлийн өндөрлөг өөд гарахаар явж байсан бөгөөд тэднийг чиглэн ирсэн билээ.

15. Саулыг ирэхээс нэг өдрийн өмнө ЭЗЭН Самуелд нэгэн зүйлийг илчилж,—

16. Маргааш өдийд Би чам уруу Бениамины нутгаас нэг хүнийг явуулна. Чи түүнийг Миний ард түмэн Израилийг захирах ноён болгон тосол. Тэр Миний ард түмнийг филистчүүдийн савраас аврах болно. Учир нь Миний ард түмний хашхирах дуу Надад хүрч, Би Өөрийн ард түмнээ энэрэв гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 9