Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 3:13-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг зэмлээгүй тул өөрийнх нь мэдсэн гэм нүглийн төлөө түүний гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд айлдсан билээ.

14. Тиймээс Елигийн гэрийн гэм нүгэл нь өргөл, эсвэл тахилаар хэзээ ч цагаатгагдахгүй гэж Би Елигийн гэрт тангараглав гэв.

15. Ийнхүү Самуел өглөө хүртэл унтлаа. Дараа нь ЭЗЭНий өргөөний хаалгыг тэр нээв. Гэвч Самуел энэхүү үзэгдлийг Елид хэлэхээс айж байлаа.

16. Дараа нь Ели Самуелыг дуудаж,—Миний хүү, Самуел аа гэв. Самуел—Би энд байна гэж хариуллаа.

17. Ели—ЭЗЭН чамд айлдсан үг нь юу вэ? Надаас бүү нуугаач. Чамд айлдсан үгсээс ганцыг нь ч гэсэн чи надаас нуувал, Бурхан чамд тэр үгсийн дагуу болон түүнээс ч илүүгээр хандах болтугай гэв.

18. Ийнхүү Самуел юу ч нуулгүй бүгдийг түүнд ярив. Тэгэхэд Ели—Тэр бол ЭЗЭН мөн. Түүнд таалагдсан бүгдийг Тэр үйлдэх болтугай! гэв.

19. Самуелыг ийнхүү өсөж торниход ЭЗЭН түүнтэй хамт байж, түүний үгнээс нэг нь ч хөсөр хаягдсангүй.

20. Данаас Беершеба хүртэлх бүх Израиль Самуелыг ЭЗЭНий эш үзүүлэгч мөн болохыг мэдэв.

21. ЭЗЭН Шилод дахин үзэгдэж, ЭЗЭН Шилод Өөрийн үгээр Өөрийгөө Самуелд илчлэв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 3