Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 3:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Балчир хөвгүүн Самуел Елигийн өмнө ЭЗЭНд үйлчилж байв. Тэр үед ЭЗЭНий үг ховор, үзэгдлүүд ч цөөн байв.

2. Тэр үед Ели өөрийнхөө газарт хэвтэж байхад (Нүд нь муудаж эхэлсэн бөгөөд тэрээр сайн харж чадахгүй болсон байв.)

3. мөн Бурханы дэнлүү хараахан унтраагүй үед, Бурханы авдар орших ЭЗЭНий сүмд Самуел хэвтэж байв.

4. ЭЗЭН Самуелыг дуудахад—Би энд байна гэж тэр хэлэв.

5. Тэгээд тэр Ели уруу гүйж очин,—Та намайг дуудсан тул би энд байна гэж өгүүлэв. Харин Ели—Би дуудаагүй. Буцаж яваад хэвтэгтүн гэсэнд Самуел буцаж яваад хэвтэв.

6. ЭЗЭН дахин—Самуел! гэж дуудав. Тиймээс Самуел босож, Ели уруу очин,—Та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Ели—Би дуудаагүй. Хүү минь, буцаад хэвтэгтүн хэмээн өгүүлэв.

7. Самуел ЭЗЭНийг хараахан мэддэггүй, ЭЗЭНий үг ч түүнд хараахан илэрхийлэгдээгүй байжээ.

8. Ийнхүү ЭЗЭН гурав дахь удаа Самуелыг дахин дуудахад Самуел босож, Ели уруу очин,—Та намайг дуудсан учир би энд байна хэмээн өгүүлэв. Тэгэхэд балчир хөвгүүнийг ЭЗЭН дуудаж байжээ гэдгийг Ели ойлгов.

9. Ели Самуелд—Явж, хэвт. Хэрэв Тэр чамайг дуудвал “ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна” хэмээн өгүүлэгтүн гэв. Ингээд Самуел явж, орондоо хэвтэв.

10. Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил—Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел—Айлдаж хайрла. Боол тань сонсож байна хэмээн өгүүлэв.

11. ЭЗЭН Самуелд айлдахдаа—Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх гэж байна. Түүнийг сонссон бүх хүмүүсийн хоёр чих нь хангинах болно.

12. Тэр өдөр Би Елигийн гэрийн талаар Өөрийн өгүүлсэн бүхнийг эхнээс нь дуустал түүний эсрэг гүйцэтгэнэ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 3