Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 28:7-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэгэхэд Саул өөрийн зарц нартаа—Надад төлөгч эмийг эрж ологтун. Би түүнд очиж тэр эмээс асууя гэв. Зарц нар нь Саулд—Ен-дорт нэгэн төлөгч эм бий гэлээ.

8. Саул хувцсаа сольж зүсээ хувиргаад, хоёр хүнийг дагуулан, тэр эм дээр шөнөөр очив. Тэр—Надад мэргэлж, миний нэрлэх хүнийг дуудаж өгөгтүн гэв.

9. Гэтэл тэр эм түүнд—Саул энэ нутгаас мэргэч төлөгч нарыг хөөж гаргасныг чи мэднэ. Тийн атал яагаад чи миний аминд урхи тавьж, намайг үхүүлэх гэв? хэмээн загнав.

10. Саул тэр эмд ЭЗЭНээр тангараглан,—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Энэ хэргээс болж чамд ямар ч шийтгэл оноогдохгүй гэж өгүүлэв.

11. Тэгэхэд тэр эм—Би хэнийг дуудаж өгөх вэ? гэсэнд Саул—Надад Самуелыг дуудаж өгөөч гэв.

12. Тэр эм Самуелыг үзэнгүүтээ чанга дуугаар хашхирав. Тэгээд тэр эм Саулд—Та юунд намайг мэхлэв? Та Саул байна? гэв.

13. Хаан тэр эмд—Бүү айгтун. Харин чи юу харж байна вэ? гэв. Тэр эм Саулд—Бурханлаг нэгэн нь газраас гарч ирэхийг би харж байна гэв.

14. Саул тэр эмээс—Түүний дүр төрх нь ямар вэ? гэж асуусанд тэр эм—Настай хүн гарч ирж байна. Тэр дээлтэй юм гэв. Тэр нь Самуел байсныг Саул мэдээд, нүүрээрээ газар хүртэл мэхийн, хүндэтгэл үзүүлэв.

15. Самуел Саулд—Юунд та намайг дуудаж, надад төвөг болов? гэхэд Саул хариулан—Би маш их зовж байна. Филистчүүд намайг дайрахаар ирж байхад Бурхан надаас салсан бөгөөд эш үзүүлэгчдээр ч, зүүдээр ч надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойгоо мэдэхийн тулд би таныг дуудлаа гэв.

16. Самуел—ЭЗЭН танаас салж, таны дайсан болсон атал та юунд надаас асууж байна вэ?

17. ЭЗЭН надаар дамжуулан айлдсаныхаа дагуу гүйцэтгэсэн билээ. ЭЗЭН таны гараас хаанчлалыг салган авч, таны хөрш Давидад өгсөн билээ.

18. Та ЭЗЭНийг дагалгүй, догшин уур хилэнгээр нь Амалекийг шийтгээгүй учраас ЭЗЭН өнөөдөр танд үүнийг үйлдэж байна.

19. Түүгээр ч барахгүй ЭЗЭН бас Израилийг тантай хамт филистчүүдийн гарт өгнө. Тийм учраас маргааш та болон таны хөвгүүд надтай хамт байх болно. Үнэхээр ЭЗЭН Израилийн цэргүүдийг филистчүүдийн гарт өгнө хэмээн өгүүлэв.

20. Тэгж хэлмэгц Саул газар гулдайн унаж, Самуелын үгнээс болж ихэд айлаа. Мөн тэр өдөржин, шөнөжин юу ч идээгүй байсан тул түүнд хүч тэнхээ байсангүй.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 28