Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 28:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр үед филистчүүд Израилийн эсрэг тулалдахаар цэргийн хуарангуудаа цуглуулав. Ахиш Давидад—Чи болон чиний хүмүүс надтай хамт тулалдаанд явна гэдгийг сайтар мэдэгтүн! хэмээн өгүүлэв.

2. Давид Ахишт—Их сайн байна. Таны боол юу хийж чадахыг та мэдэх болно гэв. Тэгэхэд Ахиш Давидад—Сайн байна. Би чамайг бүх насаар чинь өөрийн бие хамгаалагчаар томиллоо гэв.

3. Самуел нас эцэслэсэнд бүх Израиль түүний төлөө гашуудаж, түүнийг өөрийнх нь хот болох Рамад оршуулав. Саул мэргэч төлөгч нарыг өөрийн нутгаас хөөв.

4. Филистчүүд цуглан ирж, Шунемд хуарагнан буудалласанд Саул бүх Израилийг цуглуулан, Гилбоад хуарагнан буув.

5. Саул филистчүүдийн хуаранг үзээд ихэд айж, зүрх нь чичрэв.

6. Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй.

7. Тэгэхэд Саул өөрийн зарц нартаа—Надад төлөгч эмийг эрж ологтун. Би түүнд очиж тэр эмээс асууя гэв. Зарц нар нь Саулд—Ен-дорт нэгэн төлөгч эм бий гэлээ.

8. Саул хувцсаа сольж зүсээ хувиргаад, хоёр хүнийг дагуулан, тэр эм дээр шөнөөр очив. Тэр—Надад мэргэлж, миний нэрлэх хүнийг дуудаж өгөгтүн гэв.

9. Гэтэл тэр эм түүнд—Саул энэ нутгаас мэргэч төлөгч нарыг хөөж гаргасныг чи мэднэ. Тийн атал яагаад чи миний аминд урхи тавьж, намайг үхүүлэх гэв? хэмээн загнав.

10. Саул тэр эмд ЭЗЭНээр тангараглан,—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Энэ хэргээс болж чамд ямар ч шийтгэл оноогдохгүй гэж өгүүлэв.

11. Тэгэхэд тэр эм—Би хэнийг дуудаж өгөх вэ? гэсэнд Саул—Надад Самуелыг дуудаж өгөөч гэв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 28