Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 26:5-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Дараа нь Давид Саулын буудалласан газарт ирж, Саул болон түүний цэргийн жанжин Нерийн хөвгүүн Абнер нарын унтдаг газрыг харав. Саул буудлын дунд унтаж, хүмүүс нь түүнийг тойрон байрлажээ.

6. Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан—Хэн надтай хамт Саул уруу, буудал уруу явах вэ? гэсэнд Абишаи—Би тантай хамт явна хэмээн хариулав.

7. Ийнхүү Давид, Абишаи хоёр шөнөөр хүмүүс уруу очоод харахад Саул буудлын дунд унтаж байсан ба түүний жад толгойнх нь хажууд газарт зоолттой байв. Абнер болон хүмүүс нь түүнийг тойрон унтаж байв.

8. Тэгэхэд Абишаи Давидад—Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй хэмээн өгүүлэв.

9. Гэвч Давид Абишаид—Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайчихаад хэн гэм буруугүй үлдэж чадах вэ? гэв.

10. Давид бас хэлэхдээ—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭН түүнийг заавал устгана, эсвэл түүний үхэх өдөр ирнэ, эсвэл тулалдаанд явж устгагдана.

11. Би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайхыг ЭЗЭН хорих болтугай. Харин одоо толгойнх нь хажууд байгаа жад, устай савыг аваад явъя хэмээн өгүүлэв.

12. Тэгээд Давид Саулын толгойн хажуугаас жад ба устай савыг авч, явсан боловч харсан хүн, мэдсэн хүн, сэрсэн хүн байсангүй. ЭЗЭНээс ирсэн гүн нойр тэдний дээр байсан учир тэд бүгд унтаж байв.

13. Дараа нь Давид нөгөө тал уруу явж, хол зайнд уулын орой дээр гарав. Тэдний хооронд их зайтай байсан билээ.

14. Давид хүмүүсийг болон Нерийн хөвгүүн Абнерыг дуудан,—Абнер аа, чи хариулахгүй юу? гэхэд Абнер—Хааныг дууддаг чи хэн бэ? хэмээн хариулав.

15. Ийнхүү Давид Абнерт—Чи эр хүн бус уу? Израильд чамтай эн зэрэгцэх хүн байна уу? Яагаад чи өөрийн эзэн хааныгаа хамгаалсангүй вэ? Учир нь чиний эзэн хааныг хороохоор нэгэн хүн ирсэн билээ.

16. Чиний хийсэн зүйл сайн биш. ЭЗЭНий амьд буйгаар тангараглан өгүүлэхэд, та нар үхвэл зохилтой. Учир нь та нар өөрсдийн эзэн, ЭЗЭНий тосолсон хүнийг хамгаалсангүй. Одоо хааны толгойн хажууд байсан хааны жад ба савтай ус хаана байгааг харагтун хэмээн өгүүлэв.

17. Тэгэхэд Саул Давидын дууг танин—Миний хүү Давид аа, энэ чиний дуу юу? гэхэд Давид—Миний дуу, эзэн хаан минь! хэмээн хариулав.

18. Тэр бас—Яагаад эзэн минь өөрийн боолын араас мөшгөнө вэ? Би юу үйлдэв? Эсвэл миний гарт ямар бузар муу юм байна вэ?

19. Тийм учраас одоо миний эзэн хаан өөрийн боолын хэлэхийг сонсож соёрхоно уу. Хэрэв ЭЗЭН таныг миний эсрэг болгосон бол, Тэр тахилыг хүлээн авах болтугай. Харин тэр нь хүмүүсийн хэрэг бол ЭЗЭНий өмнө тэд хараагдах болтугай. Учир нь тэд намайг өнөөдөр ЭЗЭНий өв залгамжлалтай холбоогүй болгон хөөж явуулан, “Явж бусад бурхдад үйлчил” хэмээн өгүүлж байгаа хэрэг юм.

20. ЭЗЭНий оршихуйгаас холдоход миний цус газарт бүү урсаасай. Учир нь Израилийн хаан ууланд ятуу шувуу агнаж байгаа нэгэнтэй адил ганцхан нохой бөөс эрэхээр гарсан билээ хэмээн өгүүлэв.

21. Тэгэхэд Саул—Би нүгэл үйлдэв. Буцаж ирэгтүн, хүү Давид минь! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв.

22. Давид хариулан—Харагтун, хааны жад энэ байна! Залуусынхаа нэгийг илгээж, үүнийг авагтун.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 26