Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 26:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Гибеад байсан Саул уруу зифчүүд ирж,—Давид Иешимоны урд талд байдаг Хахилагийн толгодод нуугдаж байгаа бус уу? хэмээн өгүүлэв.

2. Саул босож, Израилийн гурван мянган шилмэл эрчүүдийг авч, Зифийн цөлд байгаа Давидыг эрэхээр Зифийн цөл уруу хөдлөв.

3. Саул Иешимоны урд талд, замын дэргэд орших Хахилагийн толгод дээр буудаллав. Энэ үед Давид цөлд байв. Саулыг өөрийг нь мөрдөж цөлд ирснийг хараад

4. Давид туршуулуудыг явуулж, Саулыг үнэхээр ирж байгааг мэдэв.

5. Дараа нь Давид Саулын буудалласан газарт ирж, Саул болон түүний цэргийн жанжин Нерийн хөвгүүн Абнер нарын унтдаг газрыг харав. Саул буудлын дунд унтаж, хүмүүс нь түүнийг тойрон байрлажээ.

6. Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан—Хэн надтай хамт Саул уруу, буудал уруу явах вэ? гэсэнд Абишаи—Би тантай хамт явна хэмээн хариулав.

7. Ийнхүү Давид, Абишаи хоёр шөнөөр хүмүүс уруу очоод харахад Саул буудлын дунд унтаж байсан ба түүний жад толгойнх нь хажууд газарт зоолттой байв. Абнер болон хүмүүс нь түүнийг тойрон унтаж байв.

8. Тэгэхэд Абишаи Давидад—Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй хэмээн өгүүлэв.

9. Гэвч Давид Абишаид—Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайчихаад хэн гэм буруугүй үлдэж чадах вэ? гэв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 26