Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 22:5-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Эш үзүүлэгч Гад Давидад—Бэхлэлтэд бүү нуугд. Босож, Иудагийн нутаг уруу явагтун хэмээн өгүүлсэнд Давид тэндээс гарч, Херетийн ой уруу явав.

6. Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс олдсон тухай Саул сонсов. Тэр үед Саул Гибеад, сухай модны доор, өндөрлөг газар гартаа жад барин сууж байв. Бүх зарц түшмэд нь түүнийг тойрон зогсож байв.

7. Саул тойрон байсан зарц нартаа—Сонсогтун, бениаминчууд аа! Иессийн хөвгүүн бас та бүгдэд тариалангийн ба усан үзмийн талбай өгч, бүгдийг чинь мянгатын болон зуутын дарга болгох уу?

8. Учир нь та нар бүгд миний эсрэг хуйвалдсан билээ. Миний хүү Иессийн хүүтэй гэрээ байгуулахад надад дуулгасан хүн үгүй, эдүгээ ч миний төлөө сэтгэл нь өвдсөн, эсвэл миний хүү боолыг минь миний эсрэг болгосныг ч надад дуулгах хүн байхгүй байна хэмээн зэмлэв.

9. Тэгтэл Саулын зарц нарын дэргэд зогсож байсан Едом хүн Доег—Иессийн хөвгүүнийг Нобт, Ахитубын хөвгүүн Ахимелех уруу ирснийг би харсан билээ.

10. Ахимелех түүний тухай ЭЗЭНээс асууж, түүнд хоол хүнс өгч, филист хүн Голиатын илдийг түүнд өгсөн хэмээн өгүүлэв.

11. Хаан нэг хүн илгээж, Ахитубын хөвгүүн тахилч Ахимелех болон түүний эцгийн гэрийнхэн болох Нобт байгаа тахилч нарыг дуудуулсанд тэд бүгд хаан уруу ирэв.

12. Саул—Ахитубын хөвгүүн ээ, одоо сонсогтун гэсэнд тэр—Эзэн минь, би энд байна гэв.

13. Тэгэхэд Саул түүнд—Юунд чи Иессийн хөвгүүнтэй хамт миний эсрэг хуйвалдаан зохиож, чи түүнд талх, илд өгч, өнөөдөр байгаа шиг миний эсрэг тэрслэн, бүгэж отоход нь туслан түүний тухай Бурханаас асуув? гэв.

14. Ахимелех хаанд хариулан,—Таны зарц нарын дотор Давид шиг үнэнч хүн хэн байна вэ? Давид бол хааны хүргэн, таны харуулын дарга, таны гэрт хүндтэй хүн юм.

15. Би түүний төлөө өнөөдөр л Бурханаас асууж эхэлсэн үү? Энэ нь надаас хол байг! Таны боол энэ бүх хэргийн тухай огт мэдэхгүй учраас намайг, эсвэл миний эцгийн гэрийнхнээс хэнийг ч хаан та бүү гүтгээч хэмээн өгүүлэв.

16. Гэвч хаан—Ахимелех ээ, чи заавал үхэх ёстой. Чи болон чиний эцгийн гэрийнхэн бүгд үхэх болно хэмээн өгүүлэв.

17. Хаан дэргэд нь зогсож байсан бие хамгаалагч нартаа—Явж очоод, ЭЗЭНий тахилч нарыг алагтун. Учир нь тэд Давидтай нийлж, мөн түүний оргосныг мэдсээр байж надад мэдэгдсэнгүй билээ гэв. Гэвч хааны зарц нар ЭЗЭНий тахилч нарт гар хүрч алахыг хүссэнгүй.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 22