Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 20:26-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Гэсэн ч Саул тэр өдөр юу ч хэлсэнгүй. Учир нь тэр—Түүнд санаандгүй зүйл тохиолдож, тэр биеэ бузарласан биз хэмээн санажээ.

27. Дараагийн өдөр, шинэ сарын баярын хоёр дахь өдөр ч Давидын суудал хоосон байв. Ингээд Саул өөрийн хөвгүүн Ионатанаас—Яагаад Иессийн хөвгүүн өчигдөр ч, өнөөдөр ч зоогонд ирсэнгүй вэ? хэмээн асуув.

28. Тэгэхэд Ионатан Саулд—Давид Бетлехем уруу явахаар надаас ихэд гуйсан юм.

29. Тэр “Манай төрөл төрөгсөд тэр хотод тахил өргөх ёстой бөгөөд миний ах намайг ирэхийг тушаасан учраас намайг явуулж өгнө үү? Хэрэв би тааллыг тань олсон бол намайг явуулж, ах нартай минь уулзуулахыг гуйя” хэмээн хэлсэн билээ. Тийм учраас хааны зоогийн ширээнд Давид ирээгүй юм хэмээн хариулав.

30. Саул Ионатанд ихэд хилэгнэн—Бузар тэрслүү эмийн хүү! Чи Иессийн хөвгүүнтэй шадарлаж, өөрийгөө шившиглэн, эхийгээ ичгүүр болгож байгааг чинь би мэдэхгүй гэж бодож байна уу?

31. Иессийн хөвгүүн энэ газар дээр амьд байгаа цагт чи ч, чиний хаанчлал ч тогтохгүй. Тийм учраас одоо хүн илгээж, түүнийг надад авчир. Тэр заавал үхэх ёстой хэмээн өгүүлэв.

32. Харин Ионатан эцэг Саулдаа хариулан,—Яагаад тэр хүнийг алах ёстой юм бэ? Тэр хүн юу үйлдсэн юм бэ? хэмээн өгүүлэв.

33. Тэгэхэд Саул Ионатаныг алахаар түүн уруу жад шидэв. Ийнхүү эцэг нь Давидыг алахаар шийдсэнийг Ионатан мэджээ.

34. Ионатан ихэд уурлан зоогийн ширээнээс босож, шинэ сарын баярын хоёр дахь өдөр зоог барьсангүй. Учир нь түүний эцэг Давидыг доромжилсонд Давидын төлөө сэтгэл нь зовж байв.

35. Өглөө болоход Ионатан бяцхан хөвгүүнийг дагуулан Давидтай болзохоор хээр тал уруу гарч явав.

36. Тэр хөвгүүнд—Миний харвах гэж байгаа сумыг олж ир гэв. Хөвгүүнийг гүйж одоход Ионатан тэр хөвгүүний араас сумаа тавив.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 20