Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 20:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Давид Рамагийн Наиотоос зугтан, Ионатан уруу ирж,—Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар гэм буруу байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? хэмээн өгүүлэв.

2. Ионатан түүнд—Тийм явдал хол байг. Чи алагдах ёсгүй. Миний эцэг их бага ямар ч хэргийг надад дуулгалгүй үйлддэггүй юм. Тэгэхлээр энэ хэргийг миний эцэг надаас яагаад нуух билээ? Тийм юм байхгүй хэмээн өгүүлэв.

3. Гэсэн ч Давид дахин тангараглан—Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” хэмээн хэлсэн билээ. Гэвч ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар үнэхээр тангараглаж байна. Үхэл бид хоёрын хооронд ганц алхмын зай буй хэмээн өгүүлэв.

4. Ионатан Давидад—Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө гүйцэтгэе гэв.

5. Тиймээс Давид Ионатанд—Маргааш шинэ сарын баяр тул би хаантай хамт зоогийн ширээнд суух ёстой. Гэвч намайг явуулж өгөөч. Гурав дахь өдрийн үдэш хүртэл хээр талд нуугдъя.

6. Хэрэв таны эцэг намайг асуусаар л байвал “Давид Бетлехем хот уруугаа түргэн явахаар надаас гуйсан юм. Учир нь тэнд түүний бүх төрлийнхний төлөө жилийн тахил өргөх ёслол болох ажээ” хэмээн өгүүлэгтүн.

7. Хэрэв таны эцэг “Сайн” гэж хэлбэл таны боол аврагдана. Харин хэрэв тэр ихээр хилэгнэвэл тэр надад хор учруулахаар шийджээ гэдэгт итгэ.

8. Иймээс өөрийн боолдоо энэрэнгүй хандаач. Учир нь та ЭЗЭНд тангараглан өөрийн боолтой гэрээ байгуулсан билээ. Гэвч хэрэв надад гэм буруу байвал та өөрөө намайг алагтун. Намайг эцэгтээ аваачиж өгөх ямар хэрэг танд байна вэ? гэв.

9. Ионатан—Тийм явдал чамаас хол байг. Миний эцэг чамд гай болохоор шийджээ гэдгийг лавтай мэдвэл би чамд мэдүүлэхгүй орхих юм гэж үү? гэхэд

10. Давид Ионатанд—Хэрэв таны эцэг танд хатуу хариу өгвөл хэн надад мэдүүлэх вэ? гэв.

11. Ионатан Давидад—Явъя, хээр талд гаръя гэв. Тэгээд тэд хоёулаа хээр гарав.

12. Тэгэхэд Ионатан Давидад—Израилийн Бурхан, ЭЗЭН гэрч болог. Би маргааш эсвэл нөгөөдөр өдий үед эцгийнхээ санааг тандаж мэдье. Хэрэв Давидын талаар сайхан сэтгэлтэй байвал би хүн илгээж, чамд дуулгахгүй гэж үү?

13. Хэрэв миний эцэг чамд гай болохоор шийдсэн байвал түүнийг чамд дуулгалгүй, чамайг аюулгүйгээр зугтаалгахгүй бол ЭЗЭН Ионатаныг ийнхүү болон үүнээс ч илүү шийтгэх болтугай. ЭЗЭН миний эцэгтэй хамт байсны адил чамтай ч хамт байх болтугай.

14. Би амьд хэвээр байвал намайг үхүүлэхгүй байлгахаар ЭЗЭНий хайр энэрлийг чи надад үзүүлэхгүй гэж үү?

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 20