Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 2:12-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв.

13. Мөн тахилч нар ард түмэнтэй ингэж харьцдаг байв. Хэн нэгэн хүн тахил өргөх үед, мах чанаж байхад нь тахилчийн зарц гурван салаа сэрээг гартаа барин, хүрч ирдэг байв.

14. Түүгээрээ тогоо, сав, хайруулын таваг, хувин уруу хатгаж, сэрээнд зоогдсон бүхнийг тахилч өөртөө авдаг байв. Тэд Шилод ирсэн бүх израильчуудад ингэж ханддаг байлаа.

15. Түүнээс гадна, хүмүүсийг өөх шатаахаас өмнө тахилчийн зарц ирэн, өргөж буй хүнд—Тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чанасан мах авахгүй, зөвхөн түүхий мах авна гэдэг байв.

16. Хэрэв тэр хүн түүнд—Эхлээд өөх бүгд шатаг, дараа нь хүссэнээ авагтун гэж хэлбэл тахилчийн зарц—Үгүй, чи үүнийг надад одоо өг. Эс тэгвээс би хүчээр авна гэдэг байв.

17. Ийнхүү эдгээр хөвгүүдийн нүгэл нь ЭЗЭНий өмнө асар их байлаа. Учир нь хүмүүс ЭЗЭНий өргөлийг жигшив.

18. Балчир хөвгүүн Самуел маалинган ефод өмсөн, ЭЗЭНий өмнө үйлчилж байв.

19. Самуелын эх нь түүнд зориулан бяцхан хувцас хийж, жил бүрийн тахил өргөхөөр нөхрийнхөө хамт ирэхдээ жил бүр түүнийгээ авчирж өгдөг байв.

20. Тэгэхэд Елкана болон түүний эхнэрийг Ели ерөөн,—ЭЗЭНд зориулсан хөвгүүний оронд ЭЗЭН энэ эмэгтэйгээс чамд хүүхдүүдийг өгөх болтугай! гэдэг байв. Тэгээд тэд өөрийн гэрт буцдаг байв.

21. ЭЗЭН Ханнаг эргэж, тэрээр жирэмслэн гурван хөвгүүн, хоёр охин төрүүлжээ. Балчир хөвгүүн Самуел ЭЗЭНий өмнө өсөн торнив.

22. Ели их настай болжээ. Өөрийн хөвгүүд нь бүх Израильд юу үйлдэж байгааг, бас хурлын майхны үүдэнд үйлчлэгч эмстэй тэд хэрхэн унтдаг тухай Ели сонсов.

23. Тэрээр хөвгүүддээ—Та нар ийм хэрэг буюу эдгээр бүх ардуудаас сонсож байгаа муу ёрын хэргийг юунд үйлдэнэ вэ?

24. Хүүхдүүд минь, ингэж болохгүй. ЭЗЭНий хүмүүсийн дунд тархаж буй, надад сонсогдсон мэдээ нь сайн юм огт биш.

25. Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл, Бурхан түүний төлөө зуучилна. Харин хэрэв хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? хэмээн сургамжлав. Гэвч тэд эцгийнхээ үгийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН тэднийг үхүүлэх гэж байв.

26. Балчир хөвгүүн Самуел улам өсөж торнин, ЭЗЭНд болон хүмүүст хайрлагдав.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 2