Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 18:3-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Ионатан Давидыг өөрийн адил хайрласан тул Давидтай гэрээ байгуулав.

4. Ионатан өмсөж байсан гадуур дээлээ тайлж, өөрийн хуяг дуулгыг илд, нум сум, бүс зэргийн хамт Давидад өгөв.

5. Ийнхүү Давид Саулын илгээсэн газар бүрд явж, ялалт байгуулсанд Саул түүнийг дайчдынхаа ахлагч болгов. Энэ нь бүх ард түмний болон Саулын зарц нарын ч таалалд нийцжээ.

6. Давид өнөөх филист хүнийг устгаад, бүгдээр буцаж ирж байхад эмэгтэйчүүд Израилийн бүх хотуудаас гарч ирэн, хэнгэрэг барин, дуу дуулж бүжиглэн, баяртайгаар, хөгжмийн зэмсэг барин Саул хааныг угтав.

7. Эмэгтэйчүүд хөгжим тоглон,—Саул мянгыг алж, Давид түмийг алав хэмээн дуулалдав.

8. Тэгэхэд энэ үг Саулын дургүйг хүргэсэн тул тэр ихэд уурлан,—Тэд Давидад түмийг хамааруулж, надад мянгыг өгөв. Одоо түүнд хаанчлал л дутуу байна уу? хэмээн хэлжээ.

9. Тэр өдрөөс хойш Саул Давидыг сэжиглэн харах болов.

10. Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, Давид урьдын адил ятгаа гартаа авч тоглох мөчид тэр гэр дотроо солиоров. Саулын гарт жад байлаа.

11. Саул “Давидыг хананд хадъя” гэж бодоод тэр жадыг шидэв. Гэтэл Давид түүнээс хоёр удаа зайлав.

12. Саул Давидаас айж байв. Учир нь ЭЗЭН Саулаас салж, Давидтай хамт байв.

13. Тийм учраас Саул Давидыг өөрөөсөө зайлуулж, түүнийг мянгатын даргаар тавив. Давид хүмүүсийн тэргүүнд зогсон удирдаж байв.

14. ЭЗЭН Давидтай хамт байсан учир тэр бүх юманд агуу амжилтыг олж байв.

15. Давид агуу их амжилт олж буйг үзээд Саул түүнээс маш их айж байлаа.

16. Харин бүх Израиль болон Иуда Давидыг хайрлав. Учир нь тэр тэдний тэргүүнд зогсон удирдаж байв.

17. Дараа нь Саул Давидад—Энэ бол миний том охин Мераб. Үүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө зоригтой байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун хэмээн өгүүлэв. Учир нь Саул—Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг хэмээн санасан ажээ.

18. Гэвч Давид Саулд—Би хэн билээ? Миний амьдрал, миний эцгийн гэр бүл ч Израильд юу билээ? Би яаж хааны хүргэн болох вэ? хэмээн өгүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 18