Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 18:17-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Дараа нь Саул Давидад—Энэ бол миний том охин Мераб. Үүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө зоригтой байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун хэмээн өгүүлэв. Учир нь Саул—Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг хэмээн санасан ажээ.

18. Гэвч Давид Саулд—Би хэн билээ? Миний амьдрал, миний эцгийн гэр бүл ч Израильд юу билээ? Би яаж хааны хүргэн болох вэ? хэмээн өгүүлэв.

19. Ингээд Саулын охин Мерабыг Давидад өгөх байтал Мехолат хүн Адриелд эхнэр болгон өгсөн ажээ.

20. Саулын охин Михал Давидад хайртай болсныг Саулд мэдэгдэхэд Саул түүнийг хүлээн зөвшөөрөв.

21. Саул—Михал Давидад урхи болж, филистчүүдийн гар түүний эсрэг болохын тулд Михалыг түүнд өгье хэмээн бодов. Тийм учраас Саул Давидад—Өнөөдөр чи хоёр дахь удаагаа миний хүргэн болж болно гэв.

22. Тэгээд Саул зарц нартаа тушаан—Давидад нууцаар ингэж хэл. “Харагтун. Хаан таныг таалж, түүний зарц нар нь ч бүгд таныг хайрлаж байна. Тиймээс хааны хүргэн бологтун” гэж ятга хэмээв.

23. Ийнхүү Саулын зарц нар эдгээр үгсийг Давидад дуулгав. Гэвч Давид—Би ядуу хүн бөгөөд дорд гаралтай болохоор хааны хүргэн болох нь хялбар зүйл гэж та нар санаж байна уу? гэв.

24. Саулын зарц нар Давидын хэлсэн эдгээр үгсийг Саулд мэдүүлсэн билээ.

25. Тэгэхэд Саул—Та нар Давидад ийнхүү хэлэгтүн. “Хаан дайснаасаа өшөөгөө авахын тулд зуун филист хүний хөвчний арьснаас өөр юуг ч инж болгон авахыг хүсэхгүй байна” гэсэн хэмээн өгүүлэв. Саул Давидыг филистчүүдийн гараар хорлуулахыг төлөвлөн санаархаж байв.

26. Саулын зарц нар эдгээр үгсийг Давидад мэдүүлэхэд, хааны хүргэн болох энэ болзол түүнд таалагдав. Тогтоосон хугацаа дуусахаас өмнө

27. Давид босож, хүмүүстэйгээ хамт явж, филистчүүдийн дундаас хоёр зуун хүнийг цохиж алсан билээ. Давид тэдний хөвчний арьсыг авчирч, хааны хүргэн болохын тулд тэдгээрийн тоо ёсоор нь хаанд өгөв. Ийнхүү Саул охин Михалаа Давидад эхнэр болгон өгчээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 18