Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 17:9-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Хэрэв тэр хүн надтай тулалдан, намайг албал бид та нарын боол болъё. Харин хэрэв би түүнийг ялж, албал та нар бидний боол болж, бидэнд үйлчлэгтүн гэв.

10. Филист хүн цааш нь—Өнөөдөр би Израилийн хуаранг доромжилж байна. Нэг хүнийг явуулагтун. Халз тулалдъя гэв.

11. Саул болон бүх Израиль энэ филист хүний үгийг сонсоод зориг нь мохож, тэд ихэд айв.

12. Давид бол Иуда дахь Бетлехемийн Ефрат хүн Иесси гэдэг нэртэй хүний хөвгүүн байв. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед настай, хөгшин болсон байв.

13. Иессийн гурван том хөвгүүн нь Саулыг даган дайнд явсан байв. Дайнд явсан гурван хөвгүүнийх нь нэр гэвэл ууган нь Елиаб, удаах нь Абинадаб, дараах нь Шамма байв.

14. Давид отгон хөвгүүн нь байлаа. Гурван том хүү нь Саулыг дагаж явжээ.

15. Харин Давид Бетлехемд байгаа эцгийнхээ хонийг хариулахын тулд Саул уруу ирэн, очин байв.

16. Өнөө филист хүн дөчин өдрийн турш өглөө, үдэш бүр гарч ирэн өөрийгөө харуулдаг байв.

17. Тэгтэл Иесси хөвгүүн Давиддаа—Ах нартаа зориулж нэг ефа хуурсан будаа, эдгээр арван ширхэг талхыг авч хуаран уруу ах нар уруугаа гүйн оч.

18. Мөн энэ арван ширхэг бяслагийг мянгатын даргад нь хүргэж өгөөд, ах нарынхаа мэндийг мэдээд тэднээс мэдээ авч ир.

19. Учир нь Саул хийгээд ах нар чинь бас бүх Израиль эрчүүд Елагийн хөндийд филистчүүдтэй тулалдаж байгаа юм хэмээн өгүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 17