Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 17:30-44 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Давид Елиабаас өөр хүн уруу эргэж, өнөөх л зүйлийг асуув. Хүмүүс түрүүчийн нэгэн адил хариу өгөв.

31. Давидын хэлсэн үгийг хүмүүс сонсоод, Саулд мэдүүлсэнд Саул Давидыг дуудан авчруулав.

32. Давид Саулд—Тэр хүнээс болж хэн ч сэтгэлээр бүү унагтун. Таны боол би явж, тэр филист хүнтэй тулалдъя гэв.

33. Тэгэхэд Саул Давидад—Чи тэр филист хүн уруу очиж түүнтэй тулалдаж чадахгүй. Учир нь чи бол залуу, харин тэр бол залуугаасаа цэргийн хүн байсан юм гэв.

34. Гэвч Давид Саулд—Таны боол би эцгийнхээ хонийг хариулж байсан. Арслан, эсвэл баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явбал,

35. би араас нь хөөн очиж, түүнийг довтолж, хургаа авардаг байв. Хэрэв тэр над уруу дайрвал би сахлаас нь шүүрэн авч, түүнийг цохиж алдаг байв.

36. Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хөвч хөндүүлээгүй филист хүн ч амьд Бурханы цэргийг доромжилсноос хойш тэдгээртэй нэгэн адил болох болно хэмээн өгүүлэв.

37. Давид цааш нь—Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул Давидад—Явагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай хэмээн өгүүлэв.

38. Тэгээд Саул Давидыг өөрийнхөө хувцсаар хувцаслаж, толгойд нь зэс дуулгаа өмсгөж, биед нь хуягаа өмсгөв.

39. Давид Саулын хуягны гадуур Саулын илдийг бүслээд, сураагүй учир алхаж үзэв. Ийнхүү Давид Саулд—Сураагүй учир би үүнийг өмсөн явж чадахгүй нь гээд өмсгөлийг нь тайлжээ.

40. Тэр өөрийнхөө таягийг гартаа авч, горхиноос өөртөө таван мөлгөр чулуу шилж аваад, өөрийнхөө хонины уутанд хийж, дүүгүүрээ гартаа барин, өнөөх филист хүн уруу явав.

41. Тэгэхэд филист хүн ч бамбай баригчаа урдаа зогсоон, Давид уруу ойртож ирэв.

42. Филист хүн харж, Давидыг үзээд түүнийг үл тоомсорлов. Учир нь Давид залуухан, улаа бутарсан, сайхан төрхтэй хөвгүүн байв.

43. Филист хүн Давидад—Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав.

44. Филист хүн Давидад—Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье хэмээн занав.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 17