Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 17:15-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Харин Давид Бетлехемд байгаа эцгийнхээ хонийг хариулахын тулд Саул уруу ирэн, очин байв.

16. Өнөө филист хүн дөчин өдрийн турш өглөө, үдэш бүр гарч ирэн өөрийгөө харуулдаг байв.

17. Тэгтэл Иесси хөвгүүн Давиддаа—Ах нартаа зориулж нэг ефа хуурсан будаа, эдгээр арван ширхэг талхыг авч хуаран уруу ах нар уруугаа гүйн оч.

18. Мөн энэ арван ширхэг бяслагийг мянгатын даргад нь хүргэж өгөөд, ах нарынхаа мэндийг мэдээд тэднээс мэдээ авч ир.

19. Учир нь Саул хийгээд ах нар чинь бас бүх Израиль эрчүүд Елагийн хөндийд филистчүүдтэй тулалдаж байгаа юм хэмээн өгүүлэв.

20. Давид өглөө эрт босож, хонин сүргээ хөлсний хоньчинд даатгаад хүнсийг аваад, Иессийн тушааснаар явав. Түүнийг хуарангийн тойрогт ирэхэд цэргүүд уухайлан хашхирч, жагсаалаар гарцгааж байв.

21. Израиль болон филистчүүдийн цэргүүд өөд өөдөөсөө жагсаалаар ирцгээв.

22. Тэгэхэд Давид авчирсан юмаа харуулд үлдээгээд, байлдааны шугам уруу гүйж, ах нарынхаа мэндийг асуухаар очив.

23. Давидыг ах нартайгаа ярилцаж байх яг тэр үед ирүүл дайчин, Голиат гэдэг нэртэй Гатын филист хүн, филистчүүдийн цэрэг жагсаалаас гарч ирэн, урьдын адил үгсийг хэлэхэд Давид түүнийг сонсов.

24. Израилийн бүх эрчүүд тэр хүнийг хараад, түүнээс ихэд айн зугтав.

25. Израилийн эрчүүд—Тэр гарч ирж байгаа хүнийг харав уу? Тэр үнэхээр Израилийг доромжлохоор гарч ирж байна. Түүнийг алсан хүнийг хаан их баялгаар шагнан, түүнд өөрийн охиныг өгч, түүний эцгийн гэрийг Израильд чөлөөлөх болно хэмээв.

26. Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүстэй ярин,—Энэ филист хүнийг алж, Израилиас зэмлэлийг арилгах хүнийг яах вэ? Хөвч хөндүүлээгүй энэ филист хүн амьд Бурханы цэргийг доромжлохоор хэн юм бэ? хэмээн өгүүлэв.

27. Хүмүүс түрүүнд хэлсний адилаар—Түүнийг алсан хүнийг ингэх болно хэмээн хариулав.

28. Түүний том ах Елиаб Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан,—Чи яах гэж наашаа ирэв? Талд байгаа хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? хэмээн загнав.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 17