Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 16:8-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэгэхэд Иесси Абинадабыг дуудан Самуелын урдуур явуулав. Самуел—ЭЗЭН энэ хүнийг ч мөн сонгоогүй байна хэмээн өгүүлэв.

9. Дараагаар Иесси Шаммаг урдуур явуулсан боловч Самуел—ЭЗЭН энэ хүнийг ч мөн сонгоогүй байна хэмээн өгүүлэв.

10. Ийнхүү Иесси долоон хөвгүүнээ Самуелын урдуур явуулсан боловч Самуел Иессид—ЭЗЭН эднийг сонгоогүй гэж өгүүлэв.

11. Самуел Иессид—Хөвгүүд чинь бүгд энд байна уу? гэхэд Иесси—Отгон хөвгүүн минь үлдсэн. Харагтун, тэр хонио хариулж байгаа гэв. Тэгэхэд Самуел Иессид—Хүн явуулж, тэр хөвгүүнийг авчрагтун. Тэр хөвгүүнийг энд иртэл, бид суухгүй хэмээн өгүүлэв.

12. Иесси хүн явуулж, түүнийг авчруулав. Тэр улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй хөвгүүн байв. ЭЗЭН айлдахдаа—Босож, түүнийг тослогтун. Энэ бол тэр хүн мөн гэв.

13. Тэгэхэд Самуел эвэртэй тосыг авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр хүчтэй буув. Самуел босож Рама уруу буцав.

14. ЭЗЭНий Сүнс Саулаас салсан бөгөөд ЭЗЭНээс ирсэн муу сүнс түүнийг айлган сүрдүүлэв.

15. Саулын түшмэд түүнд—Харагтун, Бурханаас ирсэн муу сүнс таныг айлган сүрдүүлж байна.

16. Эзэнтэн минь, өөрийнхөө өмнө байгаа зарц нартаа тушаагтун. Босоо ятга чадварлаг тоглодог хүнийг зарц нараараа эрж хайлгуулагтун. Бурханаас ирсэн муу сүнс тань дээр байхад тэрээр ятгаа өөрийн гараар тогловол та тайвшрах болно хэмээн өгүүлэв.

17. Саул зарц нартаа—Надад чадварлаг тоглодог хүнийг олж, над уруу авчрагтун хэмээв.

18. Тэгтэл нэг залуу зарц нь—Харагтун, би Бетлехемийн Иессийн хөвгүүнийг харсан. Тэрээр чадварлаг хөгжимчин, эр зоригт дайчин хүн, үгэнд ухаалаг, сайхан залуу билээ. ЭЗЭН түүнтэй хамт байгаа хэмээн хариулав.

19. Саул Иессид элч нарыг илгээж,—Чи өөрийн хөвгүүн хоньчин Давидыг над уруу явуулагтун хэмээн хэлүүлэв.

20. Иесси нэг илжиг авч, нэг талх, нэг тулам усан үзмийн дарс, нэг ишгийг ачин, өөрийн хүү Давидаар тэдгээрийг Саул уруу илгээв.

21. Давид Саул дээр ирж, түүнд үйлчлэв. Саул түүнийг ихэд хайрлан, Давид Саулын зэвсэг баригч болов.

22. Саул Иессид хүн явуулж,—Давид одоо миний өмнө зогсог. Учир нь тэр миний таалалд нийцэв хэмээн хэлүүлэв.

23. Бурханаас муу сүнс Саулд ирэх болгонд Давид босоо ятга авч, өөрийн гараар тоглоход Саулд хүч тэнхээ эргэн ирж, тайвшран муу сүнс түүнээс ангижирдаг байв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 16