Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 15:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Самуел Саулд—Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон, тослуулахаар ЭЗЭН намайг илгээсэн. Тийм учраас одоо ЭЗЭНий зарлигийг сонсогтун.

2. Түмэн цэргийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Израиль Египетээс гарах замд Амалек түүний эсрэг довтолсон учир Израильд үйлдсэн зүйлийнх нь төлөө Би түүнийг шийтгэнэ.

3. Одоо явж, амалекчуудыг бут цохиж, тэдний хамаг юмсыг хүйс тэмтэрч, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхдийг нь ч, үхэр ба хонь, тэмээ ба илжиг зэргийг бүгдийг нь ал” хэмээв гэж хэлэв.

4. Тэгээд Саул ард түмнээ дуудаж, Телаимд тэднийг тоолоход, хоёр зуун мянган явган цэрэг, арван мянган Иудагийн эрчүүд байв.

5. Саул Амалекийн хот уруу ирж, талд хүлээж бүгэв.

6. Саул кенчүүдэд—Явцгаа, би та нарыг тэдэнтэй хамт хөнөөхгүйн тулд амалекчуудын дундаас салж, явагтун. Учир нь та нар Израилийн бүх ард олныг Египетээс гарч явах үед тэдэнд элэгсэг хандсан билээ хэмээн өгүүлэв. Тийнхүү кенчүүд амалекчуудын дундаас салж явав.

7. Ийнхүү Саул Хавилагаас Египетийн зүүн талд буй Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив.

8. Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь олзолж, ард олныг нь үлдээлгүйгээр илдийн ирээр хүйс тэмтрэв.

9. Харин Саул ба түүний ард олон нь Агаг болон хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал хурга ба сайн бүхнийг өршөөж, тэр бүгдийг хүйс тэмтрэхийг үл хүссэн юм. Харин тэд зөвхөн хэрэггүй, үнэ цэнэгүй зүйлсийг хүйс тэмтрэв.

10. Тэр үед Самуелд ЭЗЭНий үг ирж,—

11. Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний тушаалыг үл сахив гэв. Самуел санаа зовж, шөнөжингөө ЭЗЭНд хандан уйлав.

12. Самуел Саултай уулзахаар өглөө эрт босов. Нэгэн хүн Самуелд—Саул Кармелд ирж, тэнд өөрийн алдар хүндэд зориулж хөшөө босгов. Тэндээсээ эргэж, Гилгал уруу явлаа хэмээн өгүүлжээ.

13. Самуел Саул уруу очиход Саул түүнд—ЭЗЭН таныг ивээх болтугай! Би ЭЗЭНий тушаалыг сахилаа хэмээн өгүүлэв.

14. Харин Самуел—Тэгвэл миний чихэнд буй хонины майлаан, надад сонсогдож байгаа үхрийн мөөрөлдөөн чухам юу вэ? гэв.

15. Саул—Тэдгээрийг амалекчуудаас авчирсан юм. Учир нь хүмүүс хонь, үхрийн хамгийн сайныг үлдээсэн нь таны Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд юм. Гэвч бусдыг нь бид хүйс тэмтрэв хэмээн өгүүллээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 15