Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 14:7-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Зэвсэг баригч залуу нь түүнд—Зүрхнийхээ тааллаараа үйлдэгтүн. Явагтун, би таны хүслээр тантай хамт байна гэв.

8. Ионатан—Харагтун, бид тэр хүмүүс уруу гатлан очиж, тэдэнд өөрсдийгөө илчилье.

9. Хэрэв тэд бидэнд “Бид та нар уруу очтол хүлээгтүн” гэж хэлбэл, бид өөрсдийн байх газарт байж, тэдэн уруу очихгүй.

10. Хэрэв тэд “Бидэн уруу ирэгтүн” гэвэл, бид явж очъё. Учир нь ЭЗЭН тэднийг бидний гарт өгсөн билээ. Энэ нь бидэнд тэмдэг болог гэж хэлэв.

11. Тэр хоёр филистчүүдийн цэргийн ангид өөрсдийгөө илчлэхэд, филистчүүд—Харагтун. Еврей хүмүүс нуугдаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна гэв.

12. Тиймээс цэргийн ангийн хүмүүс Ионатан ба зэвсэг баригч уруу хашхиран,—Бидэн уруу ирэгтүн. Бид та нарт нэг юм хэлье гэв. Ионатан зэвсэг баригчдаа—Намайг дагаад явагтун. Учир нь ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгөв гэв.

13. Тэгээд Ионатан гар хөлөөрөө авирч түүний зэвсэг баригч араас нь дагав. Филистчүүд Ионатаны өмнө ч унаж, зэвсэг баригч нь ч мөн түүний араас заримыг нь алав.

14. Эхний дайралтаараа Ионатан зэвсэг баригчтайгаа хамт хагас акр газарт хорин хүнийг алав.

15. Хуаранд ч, талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмөрлөө. Цэргийн анги болон дээрэмчид ч хүртэл чичирч, мөн газар хөдөлснөөс болж агуу их айдас тэднийг нөмрөв.

16. Бениамины Гибеад байгаа Саулын харуулуудыг харахад, тоо томшгүй хүмүүс тарж бутран, нааш цааш гүйлдэж байхыг харав.

17. Саул хамт байсан хүмүүстээ—Өөрсдийгөө тоологтун. Бидний дундаас хэн гарч явсныг харагтун гэж хэлэв. Тэд өөрсдийгөө тоолоход, Ионатан болон түүний зэвсэг баригч хоёр алга байжээ.

18. Саул Ахиад—Бурханы авдрыг энд авчрагтун гэв. Тэр үед Бурханы авдар Израилийн хөвгүүдтэй байв.

19. Саулыг тахилчтай ярилцаж байх зуур филистчүүдийн хуаран дахь үймээн үргэлжлэн, улам ихсэв. Саул тахилч нарт—Гараа авагтун гэж хэлэв.

20. Саул болон түүнтэй хамт байсан бүх хүмүүс цуглаж, дайны талбар дээр очоод хартал филист хүн бүр бие биеийнхээ эсрэг илд зөрүүлэн тэнд маш их үймээн самуун болж байв.

21. Урьд филистчүүдийн талд байсан, тэдэнтэй хамт хуаранд ирсэн Еврей хүмүүс хүртэл Саул болон Ионатантай хамт байсан израильчуудтай хамтрахаар эргэн ирцгээв.

22. Ефраимын уулархаг нутагт нуугдаж байсан бүх Израиль хүмүүс филистчүүдийг зугтаасныг сонсоод тэд ч хүртэл тулалдаанд орж филистчүүдийг гэзэг даран хөөв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 14